Зүүн Африкийн Кени улсын нийслэл Найроби хотод Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих шөнө газ тээвэрлэсэн автомашин дэлбэрснээс их хэмжээний гал түймэр гарч, гурван хүний амь үрэгджээ.
Мөн 300 орчим хүн шархдаж, түлэгдсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Эрх баригчид эхлээд газын үйлдвэрт ажилчид цилиндр савнуудыг дүүргэж байх үед дэлбэрсэн гэж мэдээлсэн бол сүүлд цилиндр савтай газ ачсан автомашин үйлдвэрийн хашаанд байхдаа дэлбэрсэн гэж мэдээлжээ. Савтай газ ачсан өөр 10 автомашин хашаанд зогсож байсан нь бас дэлбэрсэн байна.
Дэлбэрэлтийн үеэр цилиндр савнууд тал тал руу шидэгдэж, ойр орчмын барилга байгууламжуудыг шатаасан байна.
“Түймрийн улмаас хэд хэдэн автомашин, жижиг, дунд бизнесийн байгууламжууд галд шатлаа. Харамсалтай нь ойр орчмын орон сууцнууд бас галд автсан байна. Шөнө оройн цаг байсан тул иргэдийн ихэнх нь гэртээ байх үед таарчээ” гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Исаак Мваура мэдээлжээ.
Галд өртсөн байгууламжуудад хайгуул, аврах ажиллагаа явуулж байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай байна.
Кенийн Эрчим Хүч, Түлш Шатахууны Зохицуулах Газар дэлбэрэлт болсон газын үйлдвэр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг мэдээлжээ. Тус үйлдвэр газын агуулах, савлалтын хэсгээ энд байгуулах хүсэлтийг гурван удаа гаргаад буцаагдаж байсан гэнэ.
Байгууламж иргэдийн суурьшлын бүстэй хэт ойрхон байрлалтай гэсэн шалтгаанаар зөвшөөрөл өгөхөөс татгалзаж байжээ.
Зөвшөөрөлгүй үйлдвэр хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байсан нь тодорхойгүй байна.
Үйлдвэрийн эзэд дэлбэрэлтийн хариуцлагыг бүрэн хүлээж, иргэдийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаагаа ослын газарт ирсэн засгийн газрын төлөөлөгч Мваура илэрхийлжээ.
“Ашиг олохын тулд кеничүүдийн амь насыг эрсдэлд оруулах нь ёс суртахуунгүй хэрэг. Манай хууль сахиулах байгууллагуудад нэвтэрсэн авлигын элементүүд өнөөдөр гурван хүний аминд хүргэлээ” гэж тэр хэлсэн байна.
Кенийн дэд ерөнхийлөгч Ригати Гачагуа “Бид хууль дүрмээ дээдлэхийг уриалахын зэрэгцээ энэ осолд буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ.
Кенийн засгийн газар ослын газарт шуурхай удирдлагын төв байгуулж, хохирсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Орон байр нь эвдэрч, гэмтсэн иргэдэд засгийн газар хоёр сарын түрээсийн зардал төлөхөөр болжээ.
Эх сурвалж: BBC