“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хот 2040 он гэхэд 2.1 сая хүн амтай болно. Үүний 440 мянгыг дагуул хотод суурьшуулах төлөвлөлт хийснээс Хөшигийн хөндийд 150 мянган хүн нь байрлах юм.
Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулах тухай 2022 оны УИХ-ын тогтоол гарсан. Үүнээс хойш Шинэ Зуунмод хотын 31 мянган га талбайд холимог тээвэр түшиглэсэн эдийн засгийн нээлттэй бүс болгох үүднээс хот төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулсан.
Тус хот нь ажил олгогч байх бөгөөд 80 мянган ажлын байр бий болгохоор зорьж байгаа. 150 мянган хүн оршин сууна гэдэг бол гүний усны нөөцөд тулгуурласан баримт юм.
Мөн 2022 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө баталснаас хойш суурь дэд бүтцүүдийн ажлын зураг төсвийг боловсруулсан. Нийт 500 тэрбум төгрөгийн өртөгтэй улсын шинжээчдээр хянагдсан зураг төсөлтэй болсон.
Ирэх онуудад улсын төсөв, донор байгууллагуудын эх үүсвэрүүдээр дэд бүтцээ хийж чадвал 2027 оноос энэ бүс нутгийг ус дулаанаар хангах боломж бүрдэнэ.
Төв аймгийн Зуунмод сум 20,000 хүнтэй болсон. Түүний цэвэрлэх байгууламжаас гарч буй усны карт нисэх буудлын бүс нутагт шувуу үржих орчныг бүрдүүлж байгаа учраас хориглосон.
Төв аймгийн бохир усыг үргэлжлүүлэн татаж Шинэ Зуунмод хотод цэвэрлэх байгууламж барина. Цаашлаад цэвэрлэгдсэн усыг 16 км газар доогуур явуулснаар гаргаж байгаа.
Хот байгуулна гэдэг нь урт хугацааны бодлого байдаг. Шинэ Зуунмод хотыг төлөвлөлтийн шатанд 2040 онд байгуулна. Энэхүү хотыг байгуулахад нийт 20.3 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ” хэмээн ярив.