Украины ерөнхийлөгч Зеленский Балтийн орнуудад хоёр өдрийн айлчлал хийв. Энэ үеэр тэр Литвийн ерөнхийлөгч Гитанас Науседатай уулзсан.
Уг уулзалтын дараа Зеленский “Агаарын довтолгооноос хамгаалах систем бол бидэнд дутагдаж буй зүйлсийн нэг. ОХУ-аас Украин руу 2023 оны сүүлийн болон 2024 оны эхний өдрүүдэд дор хаяж 500 пуужин, нисгэгчгүй онгоц харвасан. Ингэснээр хоёр жил үргэлжилж буй дайн илт хурцдав. Эдгээрийн 70 орчим хувийг Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин саатуулж чадсан” гэж хэлжээ.
Тиймээс агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмж өгөхийг НАТО-ийн орнуудаас хүссэн байна.
Тэгвэл Брюссельд болсон НАТО-Украины зөвлөлийн хурлаар холбоотнууд олон тэрбум ам.долларын нэмэлт тусламжийн асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэний эцэст Зеленскийн хүсэлтийг биелүүлэх шийдвэр гарсан бололтой. Тодруулбал, Украины холбоотон орнууд Киевт нийлүүлсэн нөөцөө нөхөх зорилгоор НАТО-оор дамжуулан агаарын довтолгооноос хамгаалах 1000 орчим пуужин худалдан авч байгаа аж. Үүнийхээ заримыг Киевт өгөхөөр тохирсон бололтой.
НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэхдээ “Путин хоёр дахь жилдээ цохилт өгч, Украиныг сүйрүүлэхээр хичээж байгаа ч энэ нь амжилт олохгүй. Оросын харгис хэрцгий кампанит ажил Украины шийдэмгий байдлыг улам бэхжүүлж байна. Москва цохилтоо эрчимжүүлэхтэй зэрэгцээд НАТО Украины агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтыг бэхжүүлж байна” гэжээ.
Мөн НАТО-Украины зөвлөлийн хурлын үеэр Европын парламенттай тусламжийн төлөвлөгөөний хэлэлцээ эхлүүлэхээр зөвшилцсөн байна.
Литвийн ерөнхийлөгч Гитанас Науседа Украинд цэрэг, эдийн засаг, улс төрийн дэмжлэг үзүүлж удахгүй сум, генератор, хуягт тээвэрлэгчээ илгээнэ гэжээ. Тус улсын засгийн газар 200 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэх урт хугацааны төлөвлөгөөг баталсан байна.
Зеленский Литваас үргэлжлээд Латви, Эстонид айлчилна. Энэ айлчлалаараа тэр Украиныг тууштай дэмжсэн орнуудад талархал илэрхийлэхийг хүсч байна. Хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсууд болох Литва, Эстони, Латви нь Украинд хамгийн тууштай дэмжлэг үзүүлж буй орнууд юм.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL