Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунайд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг нийт гурван сарын хугацаанд цагдан хорьсон бөгөөд долдугаар сарын 10-ны өдрөөс эл шийдвэрийг өөрчилжээ.
Тодруулбал, Т.Бадамжунайн өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болгожээ.
Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй юм.