Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд ойн түймэр гарчээ. Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа бол Ерөө суманд гарсан түймрийг өчигдөр /2024.07.21/ бүрэн унтраасан байна. Тодруулбал,
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон нутгийн иргэдтэй хамтран 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 07.21-ний өдөр түймрийн голомтод бага зэргийн бороо орсон. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Марзын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс зүүн урд зүгт 116 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан.
Тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн иргэд, ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.19-ний өдрийн 18:00 цагт цурамд оруулж, 07.21-ний өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.