Монголын ахмад архетикторууд Урт цагааны барилгыг нурааж, буулгахыг эсэргүүцэж, шүүхэд хандсан талаар бид өнгөрсөн Лхагва гаригт мэдээлсэн. Гэвч тус барилгыг нураах ажлыг хэдийнэ эхлүүлээд буй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Тэгвэл тус барилгыг нураах ажил өчигдөр буюу энэ сарын 5-нд эхэлжээ.
Нийслэлийн өмчид харьяалагдаж ирсэн дээрх барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж, 2019 оноос эхлэн буулгах шийдвэр гарсан ч хэрэгжилгүй удсан.
Харин өнгөрсөн онд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа дээрх барилгыг хэрхэх шаардлагатай талаар иргэдээс санал авахад 90 гаруй хувь нь буулгаж, ногоон байгууламж барих шаардлагатай гэдэг санал өгсөн. Тодруулбал, 3564 иргэн санал асуулгад оролцсоноос 3419 нь хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж барихыг дэмжсэн юм. Мөн НИТХ-аас өнгөрсөн оны сүүлээр тус барилгыг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргасан. Үүний дараа тус байрыг чөлөөлөх шаардлагыг түрээслэгч нарт тавьсан байдаг. Харин одоо буулгаж байна. Ингэснээр тус барилгын суурин дээр хавраас бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм.
Гэхдээ түрээслэгчдийн зүгээс энэ шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, удаа дараа гомдол гаргаад байгаа билээ.