2024 он бол их сонгуулийн жил. УИХ өргөжин тэлж, 126-уулаа болох гэж байгаа тул би “ИХ СОНГУУЛЬ” гэсэн нэр томьёо бодож оллоо. Энэ сонгуультай холбоотой нийтлэл олныг бичээрэй, аль нам ялах магадлал өндөр вэ, аль нь ялбал энэ улс оронд хэрэгтэй бол, ядуурлаас аль нь гаргачих бол гэсэн асуулт хөндөөрэй гэсэн ганц нэг хүсэлт ирж байх юм. “Манай намд зөвлөж ажиллаач” гэсэн аман урилга ч ирлээ. Би эвтэйхэн тойрч гараад судална, бичнэ, гэхдээ улс төр рүү биш, нийгэм рүү хандуулна гэсгээд орхив.
4 жил горьдоод итгэл унтраад дараагийн сонгууль хаяанд ирдэг тэр тамын эргүүлгийг би тайлж тайлбарлаж хэзээ ч чадахгүй
Үүнтэй холбоотойгоор өмнөх 2020 оны сонгуулийн үед бичиж ярьж зөвлөж байснаа эргэж нэгтгээд гарчигт өгүүлэх сэдвийг босгож ирээд дор толилуулъя. 2020 оны хавар. Электорат хөдөлгөөний гишүүн байсны хувьд над руу хандсан хүмүүс олон гарсан даа. Тэр үед УБ-т суугаа гадаадын сэтгүүлчид хүртэл асууж шалгааж байв. Би ингэж хариулсан санагдана: Би энэ талаар “А” ч байхгүй сууж байна. Өрсөлдөж байгаа битүү морьдыг нэрлэж чадахгүй. Монгол сонгогчид гэдэг чинь тайлж унших аргагүй оньсого гэж. Мөн “ядуурлаас улс орноо гаргачих, болж өгвөл өөрсдөө хөлжиж баяжчих гээд монгол сонгогчид хөл хөөрцөг болдог, хэт итгэж сонгодог, эргээд 4 жил горьдоод итгэл унтраад дараагийн сонгууль хаяанд ирдэг тэр тамын эргүүлгийг би тайлж тайлбарлаж хэзээ ч чадахгүй” гэж хариулж байв.
Одоо асуулт тавивал яг дээрхийг хэлэх гэж байна. Дахиад л нөгөө улигт “ЯДУУРАЛ” гэх сэдвээ сөхөж хариулт өгч чадна. 2016-2020 онд ажилласан МАН-ын хэт олонхтой (анх 65-уулаа орж ирсэн) УИХ ажлаа тайлагнасан бол 2020-2024 онд мөн л МАН олонхтой УИХ ажлаа тайлагнана. Хийсэн бүтээснээ нэгд нэгэнгүй ярьж таарна. АН ба ХҮН, бусад нам эвслүүд дор бүрнээ хуралдаж өрсөлдөх, хүч үзэх нөхдөө нэрлэж, мөрийн хөтөлбөр амлалтаа танилцуулна. Тэд бол 8 жил төр бариагүй юм чинь тайлагнах юм гээд юу байх билээ. Би ирэх хаврыг зураглаж байна л даа.
Гэхдээ сонгуулиас сонгуульд хүмүүс анзаардаггүй, яригддаггүй нэг сэдэв нэр дэвшүүлэх ба МАН үйл ажиллагаагаа тайлагнах үед гараад ирэх нь мэдээж. УИХ-д өрсөлдөх эрх баригч ба эрх барилцаж байсан намууд нэгэн дуугаар “Та нарын ядууралд НАМ буруугүй ээ” гэцгээчихдэг. “Та нарыг ядууруулсан бол Та нарын өмнө НАМ түмэн буруутайгаа хүлээж нэр дэвшүүлэхээсээ татгалзлаа” хэмээн ганц нь ч мэдэгддэггүй. Иймд ядууралд түмэн буруутай нь МОНГОЛ ХҮН Та өөрөө л болж таардаг. Би сонгууль болгоны үеэр сөргүүлж бичдэг. Энэ жил ч бас бичнэ. Юу гээч. “Та нарын буруу биш байсан юм бол намууд буруугаа хүлээх нь яасан юм бэ? Би ам асууж байна шүү: Та нарын ядуу байгаад аль ч нам буруугүй юм байна шүү дээ” гэж!
2024 оны хавар Үндэсний статистикийн хорооноос юу гэж зарлах бол? Лав 4 жилийн өмнө УИХ-ын сонгуулийн ажил ид язганаж байхад Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор зарласан Монголын хүн амын 28.4 хувь нь ядуу, 15 хувь ядууралд өртөхөд өнөө маргаашгүй бэлэн зэхээтэй,нийлүүлээд үзвэл тэр “43 хувь!”-ийн тухай яриа өрнөсөн л дөө. Манайхан мартчихсан байх. Тэр хэдэн тоо процентын тухай хэн буруутай, хэн зөвтэйг үнэн мөнөөр нь хэлж ярьж номлож байгаа нэг ч нэр дэвшигч 2020 онд ил тод харагдаагүй.
Харин би энд намуудад өөр буруу өгөх гэж байна. Юу гэвэл ардчиллын 34 жилд шил шилээ харсан 17 Засгийн газрын өнгөн дээр Засгийн газар нь ямагт ялагдсан буюу хүчилж хийхийг зүрхлээгүй нийгмийн 4 гамшиг байсан, байна гэж үздэг. Монголын нийгмийг ямагт дотроос нь мэрж хэмлэж сулруулж, хэтдээ сүйрүүлж мэдэхээр байгаа тул би тэгж хүндрүүлж хэлж байна. Оройтдогоо оройтчихоод аюулын харанга дэлдэж байгаа тэр дөрөв бол:
- Ядууралтай яаж ч тэмцээд 25-29 хувь дээр л бариад байна, нийгмийн халамж үзүүлэхгүй бол хүн амын бараг тал нь ядуурахад ямагт бэлэн явж иржээ;
- Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан ганц ч Засгийн газрыг монголчууд олж үзсэнгүй. Ажилгүйдэл мөнхөд байгаатай, бас ажлын байрууд мөнхөд нээлттэй;
- Архидалт ба архичдыг энэ олон Засгийн газрууд ёстой яаж ч хүчирсэнгүй;
- Зах зээлийн шуурганд уруудсаар сөхөрч унасан, гэхдээ ихэнх нь өөрсдөөс нь болсон золбин тэнэмэл, нийгэмшээгүй хүн сүргийнхээ өмнө Монголын төр-засаг гараа өргөн бууж өгснөөс ялгаагүй байдалд байж ирсэн.
Дандаа толгойг нь илж, эрхлүүлж, юүхэн хээхнээр хуурч, аргацааж ирсэн тул зоргоороо монголчууд өөрсдийгөө сул тавиад хар зөнгөөрөө ядуурчихсан.
Хүчлэн хийж чадаагүй гэлээ шүү, би. Дандаа толгойг нь илж, эрхлүүлж, юүхэн хээхнээр хуурч, аргацааж ирсэн тул зоргоороо монголчууд өөрсдийгөө сул тавиад хар зөнгөөрөө ядуурчихсан. Нийгмийнхээ өмнө гэхээ байг гэхэд хар толгойнхоо өмнө хариуцлага хүлээнэ гэж даан ч байхгүй.
Бас нэг ийм онч үг НҮБ-ын хүрээнд яригддагийг би эшилье . Зээл тусламжийн тухай шог яриа гэх үү дээ. “Баян орны ядуучуудад зориулсан мөнгийг ядуу орны баячууд авахыг гадаадын зээл тусламж гэнээ” гэж.
Энд би ядуу иргэдийг бослогод уриалж ийм үгс бичиж байгаа юм биш шүү. Үнэхээр сэтгээд үзэхүл үнэн ч юм шиг. Гучин жил зээл тусламж авч авчхаад, хамаг байдгийг нь гударчхаад одоо бид байж байгаагаа эргээд нэг хар даа. Хүн ам дахь ядуурал 30 хувьтай, ядуурахад бэлэн 15 хувь цаана нь хагас өлсөөд байж байсан, 2020 онд. Чилийн 4 жилийн дараа 2024 онд энэ тоонууд өөрчлөгдсөн үү? Үнэндээ зээл тусламж өгдөг нь ч, авдаг нь ч нэр хүнд тааруухан болчихсон учраас НҮБ-д тийм дэл сул яриа гарч таараа шүү дээ.
Монголтой ажилладаг олон улсын тусламжийн ба санхүүгийн байгууллагууд үгээ барж дууссан. Хөрөнгө оруулагчид ч хэлэх үггүй шахам нүүр буруулдаг.
Монголтой ажилладаг олон улсын тусламжийн ба санхүүгийн байгууллагууд үгээ барж дууссан. Хөрөнгө оруулагчид ч хэлэх үггүй шахам нүүр буруулдаг. Тэднийгээ буцааж татах гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байдгаа барж, ам тангараг, аман баталгаа зөндөө өглөө.
Монгол ба монголчуудын сайн сайхныг магтсан гадаадынхны аман яриа, бүтээл бий нь бий. Юу гэхлээр дайламтгай, юу байгаагаа барьдаг, олон арван сая малтай; наргианч хөгжөөч: найр наадам, ардын урлаг, дуу хуур; хар буруу түүхгүй: иргэний дайн, үндэстэн шашны мөргөлдөөнгүй, олон улсын мөргөлдөөнөөс тэс хол; улс төрийн сонголт: ардчилсан засаглал, иргэний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн баримжаа; байгаль цаг агаарын хүчин зүйл: хязгааргүй их газар нутаг, хөрсөн дороо асар их баялагтай, байгалийн гай гамшигт нурж сөхөрч байгаагүй гэхчлэн гадаадын зээл тусламжийг хүртэх хөрс нь дэндүү хангалттай байж ирсэн. Одоо ч байна.
Ингээд бид 30 гаруй жил гаднаас цутгуулжээ. Хандивлагчдын хөдөлгөөн хүртэл өрнөж гуравдагч хөрш гэгдэх орнууд мөнгө нийлүүлэн биднийгээ халамжилж үзсэн. Хандивлагчдаасаа салж гараад Япон тусдаа манайхыг халамжилсаар байна. Юу хожиж, юутай үлдэв ээ монголчууд аа? Японы хувьд тэгтлээ их алдсан гээсэн зүйл юу ч байхгүй. Гэхдээ наашаанаа багагүй мөнгө урсгасан, мөнгөний тэр крант одоо ч тасралтгүй гоожиж байна.
Миний хувийн архивт байгаа баримтаасаа дэлгэе. Японы ГХЯ харилцаатай дэлхийн бүх улс орнуудыг стратегийн ач холбогдлоор нь хувааж A, B, C, D гэсэн 4 бүлэгт хуваадаг бөгөөд Хятад, БНСУ гэхчлэн манай хөршүүд эхний “A” бүлэгт багтаж байдаг бол Монгол Улс маань ямагт “D” бүлэгт тооцогдсоор саяхныг хүргэсэн бололтой. Одоо яасныг бүү мэд?
Гарын салаагаар урсах мэт цутган орж ирсэн асар мөнгөний дүн бүх монгол хүнд хүртээгүй
Гарын салаагаар урсах мэт цутган орж ирсэн асар мөнгөний дүн бүх монгол хүнд хүртээгүй гэдгийг Японы Засгийн газраас ингэж үнэлэн дүгнэж, ухаандаа эргэх холбоо байхгүй болтол шавхчихсаныг нь хэлж байсан даа дээхэн үед.
Энэ мэт “D” ангиллаасаа салахгүй явсаар, чухам хэдий хэр хугацаанд тэгэх ёстой юм, бүү мэд хэмээн би айдаг байв. Энд зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаалан гологдож буй тухай ярьж байгаа болохоос Японы талыг муучилж байгаа хэрэг биш шүү. “Монгол ба Африкийн хэдэн улс” гэсэн хаягаар зээл тусламжийг хамгийн хариуцлагагүй зарцуулсан улсын хар данс Токиод байсан шүү, саяхных хүртэл. Хамгийн сайн зарцуулсан нь Вьетнам, сайн зарцуулж буйд нь Мьянмар орж байх жишээтэй.
Миний архивт бас байна. Японы ГХЯ, Сангийн яам хоёр хоорондоо ширүүхэн үзэлцсэн баримт. Дээхнийх юм. 2006 оны төсвийн төслийг 2005 оны зун боловсруулах гээд хөгжлийн албан ёсны тусламжийн төсвийн асуудлаар ярилцжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох мөрөөдөлд нь ийм тусламжийн өглөг нэн чухлаар шаардагдаж, НҮБ-д дэмжлэг хүлээх эсэхийн шалгуур болчихсон үе байж л дээ. НҮБ-д ийм дэмжлэг авахын тулд 5 жилийн хугацаанд хөгжлийн тусламжийн хэмжээг 10 тэрбум ам. доллароор нэмэгдүүлнэ хэмээн тэр үеийн Ерөнхий сайд Ж.Коизүми амлаж байсан, харин Японы Сангийн яамныхаа зүгээс санхүүгийн эх үүсвэрийн асуудлаар хурц маргаан өдөөнө чинээ тэрээр санаагүй байх. Энэ тухай юунд дурсав гэхлээр манай Монгол мэтийн “ховдог хүртэгчид” Японы санхүүгийн менежментийг айлгаж байжээ гэж хэлэх санаатай.
Бас нэг түүх байна. Манай урд хөршийн тухайд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийг бүр хамгийн ихээр авдаг орны нэг байв. БНХАУ-ын хөгжлийн эрчийг харгалзан энэ тусламжийн хэмжээг бууруулах, ер нь тусламж шаардлагатай эсэхийг хянан үзэх санал үе үе Токиод гардаг байсан ч Японы улс төрийн хүрээнд хамгийн хүчирхэг Хятадын лоббийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, ажил хэрэг болдоггүй байжээ. Японы гадаад бодлогын гол хэрэглүүр–зээл тусламжийг зогсоох, хорогдуулах нь тус улсын олон улсын амьдрал дахь жин нөлөөг бууруулах тул энэ хэрэглүүрийг туйлын болгоомжтой хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байжээ. Хорь гаран жилийн тэртээх түүх ярьж байна шүү.
Монголын тухайд Хятадтай харьцуулж авч үздэггүй нь мэдээж боловч Хөгжлийн албан ёсны тусламжаа орлуулах өөр боломжийн суваг эрж хайжээ. Учир нь Хятад шиг хөгжлийн эрч гэж манайд алга, тусламж нь буруу замаар үе үе ороод, бүр цөхрөхдөө “Өвсний үндэс” нэрээр тусламж хүртэх нэгж бүртэй нь Японы ЭСЯ тооцоо бодох дээр тулсан нь зогсооё гэдгээс ч долоон дор байдалд орлоо гэсэн үг юм шиг санагддаг. “Өвсний үндэс” одоо нэг зогсох шиг боллоо. Тэр нь ч зөв.
Монгол дахь гадаадын зээл тусламжийн ерөнхий дүр зураг иймэрхүү л байсан даа, одоо эрс өөрчлөх цаг үе тулгарлаа!
Судлаач проф. О.Баярхүү