2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуульд,
- Нийгмийн даатгалын ерөнхий хууль
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль багтана.
Багц хуулиар зохицуулах зарим нэг онцлох заалтуудыг танилцуулж байна.
–Байнгын асаргаатай хүүхдээ харж буй эцэг, эхийн аль нэгийн НДШ-ийг төр хариуцна-
- Байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг, ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын байгууллагатай сайн дураар даатгуулах гэрээ байгуулсан эцэг, эхийн аль нэгийнх нь НДШ-ийг төрөөс 100 хувь хариуцаж, ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/ болох 660 мянган төгрөгийн 11.5 хувь буюу сард 75900 төгрөгийг төр хариуцна гэсэн үг.
- Малчдын сайн дурын НДШ-ийн 50 хувийг таван жилийн хугацаанд төр хариуцна. Гэхдээ малчин өөрөө НДШ-ийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг төр хариуцна. Төлөөгүй бол энэ хөнгөлөлт үйлчлэхгүй.
Сайн дурын даатгалын шимтгэлийн хэмжээ 11.5 хувь байдаг. Жишээлбэл, малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгөөр бодож сайн дурын даатгалд хамрагдаж, НДШ-ийн 50 хувийг төлбөл сард 37,950 төгрөг төлнө. Харин үлдэх 50 хувь болох мөн хэмжээний шимтгэлийг таван жил төр хариуцна.
-Сайн дураар нийгмийн даатгал төлөх дээд хэмжээг бууруулсан-
2023 оныг дуустал сайн дурын даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний шимтгэл төлөх боломжтой байв. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, НДШ төлөхөөр өөрчилсөн.
Сайн дураар даатгуулагч нь 15 жилийн турш хамгийн бага хэмжээгээр шимтгэл төлөөд, сүүлийн таван жилдээ цалингийн дээд хэмжээгээр тооцож шимтгэл төлөхөд, өндөр тэтгэвэр тогтоогдоно. Ажил хөдөлмөр эрхлэгчид цалингаасаа олон жил НДШ тогтмол төлсөн атал сайн дурын даатгуулагчаас бага тэтгэвэр тогтоолгох нь шударга биш гэж үзсэн учир уг зохицуулалтыг оруулжээ.
ХХДХ-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг цалингийн дээд хэмжээ гэж үздэг.
-20 жил ханилсан, гэр бүлийн баталгаатай хосын нэг нь нас барахад нөгөөгийнх нь тэтгэвэр 136 мянгаар нэмэгдэнэ-
Тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн нэг нь нас барвал ханийнх нь авч байсан тэтгэврийн 20 хувийг үлдсэн нэгийнх нь тэтгэвэрт нэмж олгоно. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 680 мянган төгрөг байна. Жишээлбэл, 680 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан бол 136 мянган төгрөг үлдсэн эхнэр, нөхрийн аль нэгийн тэтгэвэрт нэмэгдэнэ гэсэн үг.
Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан бол гэрлэлтээ батлуулж, 20 жилээс дээш хугацаагаар хамт амьдарсан тохиолдолд энэ зохицуулалт үйлчилнэ. Улсын хэмжээнд энэ зохицуулалт үйлчлэх боломжтой гэрлэлтээ батлуулаад 20 жилээс дээш хамт амьдарсан 7000 гэр бүл байна.
–Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглоно-
2022 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд тухайн үед 608 мянган хүн хамрагдаж, 38 тэрбум орчим төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн. Ихэнх хүн тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж, одоогоор 300 мянга гаруй хүн энэ сангаас тэтгэвэр авч эхэлсэн байна.
Мөн 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 16.6 мянган хүн нөхөн төлсөн. Үүгээр 15.6 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд нууцад авсан тул хэдий хэмжээний зарлага гарсныг тогтоох боломжгүй.
2020, 2021 онд Малчин, хувиараа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлсэн. 34.4 мянган малчин хамрагдаж, 76.3 тэрбум төгрөг төвлөрсөн. Эндээс одоо 15.8 мянган хүн тэтгэвэр авч байгаа ба 67 тэрбум төгрөгийн зардал гарсан байна. Зардал үргэлжлэн гарах бөгөөд нөхөн төлөх хуулиуд ийм үр дагавартайг дээрх хуулиудын үйлчлэл харуулж байгаа тул шинэ хуульд НДШ нөхөн төлөхийг хориглосон зүйл заалтуудыг оруулжээ. Ингэж хориглохгүй бол тогтвортой хөдөлмөр эрхэлж, НДШ-ээ шударгаар төлж байгаа иргэд хохирох, сангийн зардал орлогоосоо давах шалтгаан болсоор буй юм.
Ямар тохиолдолд нөхөн төлж болох вэ?
ААН нь ажилтны цалингаас НДШ авсан атал төлөөгүй өр үүсгэсэн тохиолдолд зайлшгүй нөхөн төлүүлнэ. Энэ бол даатгуулагчийг хохироосон асуудал. Мөн хилс хэргээр, ажлаас хууль бусаар халагдсан хүмүүс шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орсон бол НДШ-ийг нөхөн төлүүлэх юм байна.