Чуулганы ЭТТ компанийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тус компанийн өр, ашгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: 1,072 хувьцаатай иргэд компанийн асуудалд оролцуулдаггүй. Төрд ямар хулгай байдгийг ЭТТ компани харуулсан. Бодит үнэнийг иргэддээ хэлэх ёстой. ЭТТ компани хэчнээн оффтейк гэрээ хийсэн бэ, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хийсэн, хэдэн төгрөгийн өртэйг хэлээд өгөөрэй.
ЭТТ-н 34 хувь хангалгүй байна, 49 болгомоор байна. Тус компанийн ТУЗ-д иргэдийн хэчнээн төлөөлөл байдаг вэ? Компани хэдэн төгрөгийн ашигтай гараад байгааг хэлж өгнө үү. Иргэддээ хувьцааг буцаан олгохдоо Адьшаа гишүүний саналыг эргэж хараарай. Сонгуулийн шоу болгож, нэг удаа мөнгө олгодог баймааргүй байна.
Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компанид Тавантолгой-Гашуусухайт төмөр замтай холбоотой 27, Богдхан төмөр замтай холбоотой 9, нүүрс баяжуулах үйлдвэрийн 1, Газрын тосны дамжуулах хоолойтой холбоотой 1 гээд 38 оффтэйк гэрээ байсан.
Энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар эдгээр гэрээг нэгтгэж, Тавантолгой-Гашуусухайт төмөр замтай холбоотой 27 гэрээг нэг болгосон. Нүүрс баяжуулах үйлдвэрийн 1, Газрын тосны дамжуулах хоолойтой холбоотой 1 гээд гурван гэрээ болгосон. Богдхан төмөр замтай холбоотой оффтэйк эрээг зогсоосон. Тавантолгой-Гашуусухайт төмөр замтай холбоотой гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-нд дуусна.
Онцгой дэглэм тогтоосноос хойш ЭТТ шинээр гэрээ байгуулаагүй.
ЭТТ компанийн ашгийн тухайд 2022 оны жилийн эцэст 1.3 их наяд төгрөг, 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 2.7 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Жилийн эцэст хэчнээн төгрөгийн ашигтай гарахыг урьдчилж хэлэх боломжгүй.
Тус компани 4.3 их наяд төгрөгийн өртэй байсныг 1 их наяд гаруй төгрөгөөр бууруулсан. Мөнгийг нь урьдчилж аваад нүүрсээр төлөх нөхцөлтэй 603 сая ам.доллар байсныг есдүгээр сард барагдуулсан.
Борлуулж буй нүүрсний төлбөр нь мөнгөөрөө орж ирдэг болгосон.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Иргэдийн төлөөллийг компанийн ТУЗ-д хараат бус гишүүнээр хэрэгжүүлж байгаа. Өмнө нь ТУЗ-ийн 11 гишүүний 3-4 нь хараат бус байв.
2022 оноос хараат бус гишүүд иргэдийн төлөөллийг бизнесийн болон компанийн талаар мэдлэгтэй хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулж, ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь иргэдийн, тав нь төрийн төлөөлөл байдаг болсон.
Компанийн ТУЗ-ийн гишүүд зарчмын хязгаарлалттай байдаг.
Шадар сайд С.Амарсайхан: ЭТТ компанийн засаглалыг олон улсын жишгээр нийтэд ил тод явуулна. Иргэд байнга хувьцаагаа авдаг, ногдол ашгийг жил бүр хүртдэг л болгох гэж л өнөөдөр ярьж байна.
Тус компанийн 81.5 хувийг төр, 18.4 хувийг 2.5 сая иргэн, 0.06 хувийг 486 орчим ААН эзэмшиж байгаа юм.
Иргэд хүртсэн ногдол ашгаа юунд зарцуулах нь иргэдийн өөрийнх нь асуудал.
Энэ оны байдлаар улсын экспортын 41.7 хувийг ЭТТ эзэлж байна. Нийт 25.7 сая тонн нүүрсийг экспортолж, ашиг нь нэмэгдэж байна. Энэ хэрээр иргэдийн хүртэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: ЭТТ компанийн ТУЗ-д ажиллаж байгаа иргэдийн төлөөлөл ямар ч мэдээлэлгүй байна. Төрийн нууцад оруулж, оффтэйк гэрээ хийсэн асуудлыг иргэд бөөнөөрөө нэг л өдөр мэдсэн биз дээ.
Тиймээс ЭТТ компанийн хувьцааг эзэмших иргэдийн хувийг 49 болгох хэрэгтэй. Ямар ч хамаагүй гэрээг ТУЗ-д байгаа иргэдийн төлөөлөлд хэлэхгүйгээр хийгээд байна. Хувьцааны 49 хувийн 34-ийг иргэдэд, 15 хувийг ААН-д өгч хяналтаа тавиулахгүй бол Засгийн газар өөрийн хүнээ тавьж, хулгай хийгээд байна хэмээн санал хэллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ тогтоолоор сонгуулийн өмнө иргэдэд мөнгө тараах гэж байна. Хуулиар компанийн хувьцаа эзэмшүүлэх ёстой” гэв.