Монгол улсын хүн амын нутагшилт суурьшлын төлөв хандлага нь “нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих “ үзэгдэл эрчимтэй явагдаж, нийт хүн амын 50 орчим хувь нь Нийслэлд 40 гаруй хувь нь орон нутгийн хот сууринд амьдрах болов. Энэ үзэгдэл нь нийгэм эдийн засгийн ойрын жилүүдийн нөхцөл байдлаас улбаалан төвд тэмүүлэх,хот сууринд төвлөрөх хандлага цаашид ч нэмэгдэнэ гэж харагдаж байна.
Одоогоор Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын төслүүдийн 68 хувь, хөдөө орон нутаг руу барилгын материал тээвэрлэх урсгалын 80 гаруй хувь нь баруун чиглэлд байна.
Дагуул хотыг анх байгуулахдаа тодорхой чиглэл баримтлан санхүү, бизнес, аялал жуулчлал, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн гэх мэтээр салбарлан хөгжүүлсэн байдаг. Тухайн салбар чиглэлд зориулан дэд бүтцийг нь хөгжүүлж, тухайн хотын хөгжлийг тодорхойлдог.
Хаяа болон дагуул хотуудын бие даах гэдгийг ямар агуулга хэмжүүрээр ойлгох асуудал тавигдана. Үүнээс хамаарч уг асуудлын маань зорилго,ач холбогдол тодорхой болох ёстой гэж үзэж байна. Жишээлбэл засаг захиргааны харьяаллаар бие даах уу?,эдийн засаг,төсөв санхүүгээрээ бие даах уу? Газар нутгийн асуудлаар тусгаарлахуу?, Бие даасан хөгжлийг юу гэж харах вэ? гэх мэтийг тогтоох нь зүйтэй.
Хамгийн гол асуудал нь хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй сөрөг үзэгдлийг сааруулж, арилгахад энэ асуудлын үндсэн зорилго мөн.
Хот суурингийн төвлөрлийг багасгах асуудал зөвхөн Улаанбаатарт яригдаж байгаа зүйл биш. Дэлхийн томоохон хотуудад төвлөрөлтэй холбогдсон хурц асуудлууд байсаар байгаа юм. Олон арга хэлбэрээр шийдвэрлэж байна.
Энэ асуудал үндсэн 3 зорилгыг агуулах ёстой юм. Үүнд: Нэгдүгээрт төвлөрлийг сааруулах ,хоёрдугаарт том хотын зах дүүргийн хот суурингийн удирдлагын бие даасан чөлөөт байдлыг хангах замаар хөгжлийг нь тэтгэх, гуравдугаарт хот байгуулалтыг шинжлэх ухаанчаар иргэдийн өөрсдийн оролцоотой гүйцэтгэх явдал юм.
Энд эхлээд хууль эрх зүйн талаас нь асуудлыг ул суурьтай авч үзэж зөрчилгүй шийдвэрлэхэд анхаарах ёстой.
Дараа нь хот нийтийн аж ахуйн эдийн засгийн хангалт, үйлчилгээг хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгож, хотын санхүү татварыг бие даалтыг хангах нь зүйтэй. Үүний зэрэгцээ толгой болон дагалдах хотуудын хөгжлийг хангах дэд бүтцийн хөгжлийг оновчтой хийх ерөнхий төсөл төлөвлөгөөг гаргасны үндсэн дээр хэрэгжүүлдэг технологитой байдаг.
Иймд хот нь өөрийн эдэлбэр газартай, хотын үндсэн болон инженер, эдийн засгийн дэд бүтэц бүхий, байнгын оршин суугч ард иргэд бүхий байх бөгөөд өөрийн гэсэн удирдлага зохион байгуулалттай бүхэл бүтэн систем болж байна.
Нэгэнт хот нь систем учраас хот бүрдүүлэгч элементүүдийн маш нарийн зохион байгуулалт, гадаад , дотоод орчны харилцааны уялдааг бүрдүүлэх бөгөөд хотын амьдралыг хэвийн нөхцөлд байлгах тэнцвэр харьцааг зөв хангана гэсэн үг . Энэ бүхнийг авч үзэж байгаа нь үндсэн болон дагуул хотуудын асуудлыг анхнаас нь хууль зүйн болон нийгэм эдийн засгийн үндэслэлтэй , хот бүрдүүлэх үйл явцын дэс дараалаллыг зөв зүйтэй баримтлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.