Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна “Номад Жеографик” ХХК-тай хамтран цахим системд оруулж байгаа” гэж хэллээ. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан аж.Өнөөдрөөс үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэж тэрбээр хэлж байна.
Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна. Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Олон жил зорчсон чиглэлүүд нь өөрчлөгдөхөөр иргэдийн дунд ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсэх магадлалтай. Гэхдээ иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн. Түүнчлэн чиглэлүүдийн давхцал арилна. Улаанбаатар хотын гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөнд нэг л чиглэл явах тул иргэд тухайлсан нэг чиглэлийг удаан хүлээж зогсох шаардлагагүй болно. Энхтайваны өргөн чөлөөнөөс цааш явж буй чиглэлүүдэд анхаарч, харахад болох юм” гэжээ.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоо гарчээ. Харин амьдрал дээр иргэд ямар байхыг туршиж байна.
Автобусны тарифын хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд 500 төгрөгөөр зорчих, 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл одоохондоо хэвээр үргэлжлэх юм байна. Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ.
Ямартай ч өнөөдрөөс эхлэн шинэ чиглэлээр автобуснууд явж эхэллээ. Ирэх Даваа гариг хүртэл холбогдох ажлуудыг бүрэн жигдрүүлнэ гэж албаныхан тооцож байна.