Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар танилцуулж байна.
- Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С нь Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажлын байрны шаардлага хангахгүй өөрийн хамаарал бүхий иргэдийг ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн Т.О нь хуурамч гадаад паспорт гаргуулахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгч О.О-д хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.З, ахлах нягтлан бодогч Н.А, бичиг хэргийн ажилтан Ч.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажиллаагүй хүмүүст цалин олгож, бэлнээр авч захиран зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.