Аргентин улсын шинэ ерөнхийлөгч Хавьер Милей сонгуулийн туршид америк долларыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгож, үндэсний валют песогоо халахыг амлаж байсан.
Гэхдээ түүний энэ санаа Аргентины парламентын дэмжлэгийг авахад хэцүү гэж ажиглагчид үзэж байна.
Хэрвээ амжилттай болбол Аргентин нь америк долларыг үндэсний төлбөрийн хэрэгслээ болгосон дэлхийн хамгийн том улс болох юм.
Аливаа улс ам.долларт шилжих нь төв банк болон мөнгөний бодлогоо АНУ-д даатгана гэсэн үг.
Одоогоор дэлхийн цөөн хэдэн улс ам.долларыг дотоод төлбөр тооцоондоо албан ёсоор ашиглаж байна.
Эквадор
17.7 сая хүн ам, $106 тэрбумын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Латин Америкийн энэ улсын үндэсний валют үнэгүйдэж, иргэд нь долларыг өдөр тутмын амьдралдаа түлхүү хэрэглэдэг болоод байсан юм. Эцэст нь 2000 онд Эквадорын засгийн газар албан ёсоор долларт шилжжээ.
Панам
4.3 сая хүн ам, $63 тэрбумын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Панам улс 1904 онд тусгаар тогтносноосоо хойш ам.долларыг үндэсний валюттайгаа зэрэгцүүлэн хэрэглэж байгаа. Гэхдээ үндэсний валют Балбоа нь доллартой 1:1 харьцах ханштай, зөвхөн зоос хэлбэрээр гүйлгээнд гардаг тул бэлгэдлийн чанартай байдаг.
Эль Сальвадор
6.3 сая хүн ам, $28 тэрбумын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Эль Сальвадор эдийн засгаа тогтворжуулахын тулд 2001 онд үндэсний валют колоноо ам.доллароор сольжээ. 2021 онд тус улс бас биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон юм.
Зимбабве
16 сая хүн ам, $28 тэрбумын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Африкийн энэ улс хэт инфляцын улмаас үнэгүйдсэн үндэсний валюттайгаа зэрэгцүүлэн ам.долларыг 2009 оноос хойш хэрэглэх болжээ.
Энэ онд Зимбабвед нийт гүйлгээний 77 хувийг ам.доллар ашиглан гүйцэтгэсэн байна.
Зүүн Тимор
1.3 сая хүн ам, $3.6 тэрбумын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Зүүн Өмнөд Азийн энэ улс 1999 онд тусгаар тогтносноосоо хойш нэг жилийн дараа ам.долларыг албан ёсны төлбөрийн хэрэгслээ болгожээ.
Микронезын Холбооны Улс
113 мянган хүн ам, $404 саяын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Номхон далайн арал улс 1979 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш ам.доллар хэрэглэдэг болсон байна.
Маршаллын арлууд
42 мянган хүн ам, $260 саяын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Номхон далайн арал улс мөн адил 1979 онд тусгаар тогтноод ам.долларт шилжжээ. 2018 онд бас Sovereign нэртэй крипто валютыг үндэсний төлбөрийн хэрэгсэл болгох хууль баталсан юм.
Палау
18 мянган хүн ам, $218 саяын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Номхон далайн бяцхан арал улс 1994 оноос хойш ам.долларыг албан ёсны төлбөрийн хэрэгслээр ашиглаж байгаа. Саяхан бас Ripple компанитай хамтран үндэсний крипто валют хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Дээрх тусгаар тогтносон улсуудаас гадна Пуэрто Рико, Гуам, АНУ-ын Виржин арлууд, Британийн Виржин арлууд, Бонэйр, Америкийн Самоа, Турк ба Кайкос арал зэрэг бүс нутгууд ам.долларыг төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг байна.
Эх сурвалж: Business Insider