АНУ болон Их Британийн арми Йеменд байрлалтай Хусит бүлгийн Улаан тэнгис рүү харвасан 21 дрон болон пуужинг устгасан байна. Тус бүлэг Газын зурвасын дайн эхэлсний дараа Улаан тэнгисээр дамжин Израилыг зүглэж буй тээвэрлэлтийн хөлөг онгоцнууд руу халдана гэж мэдэгдсэн.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс дайн эхэлснээс хойш Хусит бүлгийн хийсэн хамгийн том хүрээтэй халдлага байлаа гэж хэлсэн байна. Шаппс “Тогтворгүй нөхцөл байдал үүсээд байна. Эдгээр халдлагууд үргэлжилж болохгүй, үргэлжлэхийг зөвшөөрч болохгүй” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
АНУ-ын Төв командлал халдлагын үеэр ямар нэгэн бэртэл гэмтэл эсвэл хохирол учраагүй гэж мэдэгдсэн байна. Мягмар гарагт /2024.01.09/ болсон тус дайралт нь Хусит бүлгийн 26 дахь халдлага байсан юм.
Улаан тэнгис нь Ази, Европ хоёрыг холбосон гол худалдааны зам. Дэлхийн нийт усан тээврийн 15 хувь нь тус тэнгисээр дамждаг байна. Хусит бүлгийн халдлагуудын улмаас тээвэрлэлтэд хүндрэл учраад буй.Тээвэрлэлтийн олон компани Улаан тэнгисээр бус Африкийг тойрох замыг сонгож эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters