Даваа гарагийн /2023.12.25/ өглөө буюу Зул сарын баяраар Катаиб Хезболла бүлэг Ирак улсын хойд хэсэгт орших АНУ-ын цэргийн бааз руу дроноор халдсаны улмаас гурван цэрэг бэртсэн байна. Халдлагын талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Адриен Ватсон мэдээлэхдээ нэг цэргийн бие хүнд байгаа гэжээ.
Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ирак улс дахь Катаиб Хезболла болон бусад бүлгийн ашигладаг гурван байгууламжид агаарын цохилт өгөхийг тушаасан гэж Цагаан ордон мэдээлсэн юм.
Даваа гарагийн үдээс хойш АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Байденд халдлагын талаар мэдэгдсэн аж. Катаиб Хезболлагийн эсрэг авч болох хэд хэдэн арга хэмжээг танилцуулсан ч Байден агаарын цохилт өгөхийг сонгосон байна. Остин хариу цохилтыг шаардлагатай зүйл байсан хэмээжээ.
АНУ-ын Үндэсний тагнуулын газрын вэбсайт дээрх мэдээллээс харвал Катаиб Хезболла нь Ирак, Сири дэх АНУ-ын цэргүүдэд өндөр аюул заналхийлэл учруулдаг террорист бүлэг аж.
Израил-Хамасын дайн эхэлсний дараа Ираны дэмждэг Хезболла бүлэг Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн баазууд руу 90 гаруй удаа халдсан байна. Эдгээр халдлага нь Ойрх дорнодод шинэ дайн үүсгэх эрсдэл болж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Эх сурвалж: CNN