АН-ын зүгээс нэр дэвшигчдийг тодруулсан хүчин төгөлдөр бус тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн гэдгийг зарим гишүүнийх нь зүгээс мэдээллээ. Тэр бүү хэл, тухайн гишүүдийн зүгээс нэр дэвшилтэд гаргасан будилаанаа засаж залруулж байж сонгуульд оролцохыг шаардан, намынхаа байрны гадаа суулт хийж эхэллээ. Тодруулбал, ҮБХ-ноос албан ёсоор баталсан тогтоолыг бус шөнөдөө өөрчлөлт оруулж, нэр сольсон тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн нь хууль бус гэдгийг хэлж байна. Мөн АН дотоодын зодооноосоо болоод ялагдлын ирмэг дээр байна гэдгийг ч хэлж байна. Учир нь сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ҮБХ-ны хуралдаанаар бөөн зодоон болоод зогсохгүй намын дотоод дүрэм, хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл гаргасан нь эргээд АН ялагдах үндсэн шалтгаан болж байна гэж тэд дүгнэлээ.
Тийм ч учраас АН-ын гишүүдийн зүгээс намынхаа байрны гадаа жагсаж байна. Тэдний хувьд намынхаа удирдлагуудад хандан, дотоод асуудлаа яаралтай шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Учир нь АН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ҮБХ-ны хурлаа хийж чадаагүй, хоёр янзын тогтоол гаргасан, жагсаалтад бичигдсэн хүмүүсийн нэрс алга болсон гэх зэргээр дотоод хагарлаа нийтэд дэлгэн шившигтэй байдалд оруулсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Тиймээс намын удирдлагуудад хандан ҮБХ-ны хурал дээр уншсан албан ёсны нэрстэй тогтоолоо СЕХ-нд өгч баталгаажуулах, хоорондоо ойлголцож сонгуульдаа оролцох шаардлагыг хүргүүллээ. Тэдний хэлснээр “ҮБХ-ны хурлын шийдвэрийг баталгаажуулдаг субьект нь тухайн хурлын дарга, тэргүүлэгчид байдаг. Гэтэл тогтоолд гарын үсэг зурах эрхгүй намын дарга Л.Гантөмөр, генсек Э.Одбаяр нарын гарын үсэгтэй тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн. Хууль бусаар баталсан нэрсээ хүчин төгөлдөр гэж үзээд олон нийтэд зарлаад байна” гэдгийг тодотголоо. Түүнчлэн ҮБХ-ны хурлын орой нэр дэвшигчдийг тодруулсан гар ноорогт бичигдсэн нэрс шөнөдөө өөрчлөгдсөн.
Намын дүрэмд “ҮБХ-ны гишүүн хүн УИХ-д нэр дэвшинэ” гэж тодорхой заачихсан байтал ҮБХ-ны гишүүн биш хүмүүсийг тойрогт дэвшүүлж, нэрсийг нь оруулж ирсэн. Намын дотоод дүрэм журмаа барьдаггүй бүдүүлэг байдлаар сонгуульд орох гэж байгааг жирийн гишүүд бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар С.Баярцогт, Х.Тэмүүжин нарын нэр дэвшилт будилаантай гэдгийг хэлж байна. Тухайлбал, Х.Тэмүүжингийн хувьд ХУД-т нэр дэвшихээр хавсралтаар нэр нь уншигдаад батлагдсан ч дараа нь жагсаалтад орсон байна. Үүнийг “Давхар нэр дэвшилт” явагдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Х.Тэмүүжин нэр дэвших эрхгүй гэдгийг зарчим, хууль ярьдаг хүний хувьд өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бүх маргаан эндээс үүдэлтэй гэлээ. Мөн ҮБХ-ны хурал зохион байгуулах эрхийг Лхагвадорж, Э.Одбаяр нарт шилжүүлснээр ямар ч дэггүй,зохион байгуулалттгүй болсон бөгөөд бөөн будилаан, фракцуудын зодоон болж хувирсан гэлээ.