Аргентин улсын “INDEC” статистикийн агентлагийн Пүрэв гаригт гаргасан тоо баримтаас үзвэл, Аргентины жилийн инфляци 2023 онд 211.4 хувьд хүрч, сүүлийн 32 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. “INDEC”-ийн мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард жилийн инфляцийн түвшинд хамгийн их нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундааны үнэ дунджаар 29.7 хувиар өссөн бол нийтийн хэрэглээний бусад бүтээгдэхүүн 30 хувиар өсчээ. Мөн эмийн үнэ дунджаар 40 хувиар өссөн байна.
Энэхүү нь баруун жигүүрийн ерөнхийлөгч Хавьер Милейн хэрэгжүүлсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг 50%-иар бууруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээнүүдийн хүчтэй нөлөөг харуулж байна.
Жилийн инфляци 2022 онд 95 орчим хувьтай байсан. Тус улсын сарын инфляци арваннэгдүгээр сард 12.8 хувьтай байсан бол арванхоёрдугаар сард 25.5 хувьтай байв. Энэ нь Засгийн газрын таамаглаж байсан 30 хувиас арай доогуур байжээ.
Милей Буэнос-Айресын радио станцад өгсөн ярилцлагадаа, Хэрэв сарын инфляцийн түвшин таамаглаж байснаас доогуур байвал энэ нь амжилт гэж хэлсэн. Тэрбээр тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ, хэт инфляцийг зогсооход чиглэсэн хатуу зохицуулалтын төлөвлөгөөг зарласан.
Тус улсын хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS