Аргентины шинэ ерөнхийлөгч Хавьер Милей өмнөх засаг захиргааныхаа шийдвэрийг буцааж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн эвсэл болох БРИКС байгууллагад элсэхгүй болсныг албан ёсоор мэдэгджээ.
БРИКС-ийн үүсгэн байгуулагч Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдагчдад долоо хоногийн өмнө бичсэн Милейн захидлыг Аргентины засгийн газар өчигдөр нийтэд ил болгосон байна.
Одоо Аргентин улс тус байгууллагад элсэхэд “тохиромжтой цаг биш” болохыг Милей захидалдаа тайлбарлажээ.
Энэ оны наймдугаар сард болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаан улсыг шинээр элсүүлэх шийдвэр гарч байв.
Тэдгээрийн нэг Аргентин байсан юм. Тухайн үед Аргентины өмнөх ерөнхийлөгч Алберто Фернандес шийдвэрийг талархан хүлээж авч, шинэ зах зээлд хүрэх боломж гэж үзэж байжээ.
БРИКС-ын гишүүн орнууд одоогоор дэлхийн хүн амын 40 хувь, дэлхийн эдийн засгийн дөрөвний нэг орчмыг бүрдүүлдэг.
Өөрийгөө “анархист-капиталист” гэж тодорхойлдог либертари эдийн засагч Хавьер Милей ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Аргентин улсын хувьд гэнэтийн үйл явдал болсон юм.
Тэрбээр олон жилийн турш Перонист зүүнтнүүдийн удирдаж ирсэн Аргентин улсын гадаад болон эдийн засгийн бодлогыг эрс өөрчлөхөө амлаж байна.
Эх сурвалж: Associated Press