Олон нийтийн цахим хуудаст архи, согтууруулах ундаатай тэмцэх санд олон тэрбумыг төсөвлөдөг ч бодит үр дүнтэй ажил хийдэггүй талаар шүүмжлэл ойрын өдрүүдэд их гарсан. Тэгвэл тус санд хамаарах хуулийн зүйл заалт болон тусгай сан нь ямар чиг үүрэгтэй болохыг танилцуулж байна. Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд зориулагдсан төсвийн дансыг тусгай сан гэж нэрлэж буй. Энэхүү зорилгын хүрээнд авч үзвэл тус сангуудын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх боломжтой. Нийт тусгай сангийн мэдээллийг өнгөрсөн оноос шилэн болгосон. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар тусгай сангуудын 21-ийнх нь мэдээлэл нээлттэй болоод буй. Тусгай сангуудын тухайд:
- Улсын төсөв,
- Хандив, тусламж,
- Тухайн сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого,
- Зээлийн хүүгийн орлого зэрэг эх үүсвэрээр санхүүждэг.
Тусгай сангуудаас хүн амын эрүүл мэндэд чиглэсэн чиг үүрэгтэй хэд хэдэн сан бий. Тухайлбал, эрүүл мэндийг дэмжих сан, спортыг дэмжих сан, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сан зэргийг нэрлэж болно. Эдгээрээс зайлшгүй анхаарал татаж байгаа сан бол архидан согтуурахтай тэмцэх сан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж өнгөрсөн жилээс Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санг байгуулсан. Уг хуулийн 213 дугаар зүйлд зааснаар тус сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай.
2024 онд зарцуулах тус сангийн санхүүжилтийн хэмжээ .
Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд тус санд өнгөрсөн 2023 оны эхний зургаан сарын байдлаар 14.6 сая литр согтууруулах ундаа борлуулсан орлогоос 4,3 тэрбум төгрөг хуримтлагджээ. Тус сан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах зохицуулалттай. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн тус санд хамаарах зүйл, заалтаас онцолбол:
33 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
33.1.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид “сан” гэх/-гийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:
33.1.1.архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах;
33.1.2.согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувийг;
33.1.3.согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх;
33.1.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж бусад тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
33.1.5.архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг.
33.2.Сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
33.3.Сан нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд уг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын болон олон нийтийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулна.
33.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.5-д заасан хяналтын хороо хяналт тавих бөгөөд уг хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл нь гуравны хоёроос доошгүй байна.
33.5.Энэ хуулийн 33.4-т заасан олон нийтийн төлөөлөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төлөөлөх ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.
33.6.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байна.