Афганистаныг аюулгүй улс орон болохыг биеэрээ батлан харуулах гэж очсон Австрийн хэт барууны экстремист үзэлтэн есөн сар хоригдсоны дараа Ням гарагт суллагджээ.
Талибаны эрх баригчид суллан явуулсны дараа 84 настай Херберт Фриц өчигдөр Катарын нийслэл Доха хотод ирснийг Австрийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Фриц өнгөрсөн оны тавдугаар сард засгийн газрынхаа анхааруулгыг үл тоон Афганистанд ирээд баривчлагдсан юм.
“Би энэ удаа азгүйдсэн ч дахин энэ улсад очно гэж бодож байна. Энэ улсад сайн хүмүүсээс гадна бас тэнэг хүмүүс ч байгаа шүү дээ” гэж тэр ярьсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Фрицийг суллуулахад зуучилж тусалсан Катарын засгийн газарт Австрийн эрх баригчид талархал илэрхийлсэн байна.
Талибаны тал Фрицийг Кабул хотын шоронд хорьж байсныг Австрийн гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлжээ.
Катарын гадаад хэргийн яам бас Австрийн иргэнийг суллаж, явуулахыг зөвшөөрсөн Талибаны эрх баригчдад талархал илэрхийлсэн байна.
Фриц нь 1988 онд үйл ажиллагааг нь хориглосон хэт барууны үзэл баримтлалтай улс төрийн жижиг намын үүсгэн байгуулагчдын нэг ажээ.
Тэр одоо Турк улсын шоронд хоригдож буй Курдийн салан тусгаарлагчдын удирдагч Абдулла Ожалантай уулзаж байсан гэнэ.
Фриц мөн Сирийн зүүн хойд хэсгийг хянадаг зэвсэгт байгууллагатай очиж танилцаж байжээ.
Эх сурвалж: AFP