Монголд нэг ирсэн жуулчин дахин ирэх хүсэлгүй болоод буцдаг гэх яриа байдаг. Шалтгаан нь монголчуудын харилцаа хандлага үнэ, үйлчилгээний чанараас болоод зугатдаг нь оргүй хоосон үг биш юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын нэгэн телевизээр монголчуудын талаарх сөрөг мэдээлэл цацагдаж, улсаараа “биднийг” муу хэлж байгаа тухай мэдээлэл сошиалд цацагдсан. Үндсэндээ, гадаадынхан биднийг шулаачид гэж хардаг, дүгнэдэг. Монголчууд өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Ямар сайндаа л Тэрэлжид долоо хонох мөнгө Вьетнамд долоо хоног зугаалахаас үнэтэй байгаа тухай шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тасралтгүй өрнөсөөр байна.
Аялал жуучлалаас мөнгө авдарлах боломж уг нь монголчуудад бий. Уг нь гэдгийн учир нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, тал нутгийн нүүдэлчдийн ахуй, ёс заншлаараа мөнгө олж, эдийн засгаа солонгоруулах боломжтой. Төр засгийн хувьд дэлхийн аялал жуулчлалын салбарт эргэлдэж буй триллон, триллон доллараас хөрөнгийн урсгалыг Монгол руугаа татах, уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах зорилгоор аялал жуулчлалын салбарт багагүй анхаарал тавьж байна. Үүний нэг нь “Нэг хонь-нэг жуулчин” хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд төр бүхий л арга чаргаа хэрэглэж байна. Гэтэл аялал жуучлалынхан нь даллаад ирсэн жуулчдыг нь айлгаж, залхаасаар буцаасаар байх уу. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь аялал жуулчлалынхны хийх ёстой ажил нь шүү дээ.
Өнгөрсөн жил дэлхийд Монголыг багагүй сурталчилсны үр дүнд 600 мянган жуулчин хүлээн авч, нэг тэрбум орчим ам.долларын орлого олсон гэх сайн мэдээтэй сууж байна.
Дэлхийн тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн ч сэтгэл ханамж хэдэн хувьтай байсныг хэлэхэд хэцүү. Монголчууд аялал жуулчлалын салбарт дэлхийтэй өрсөлдөх нь бүү хэл өөрсөдтэйгөө ч өрсөлдөж чаддаггүй.
Улаанбаатар хотоос хамгийн ойр амарч зугаалах боломжит газар бол Горхи Тэрэлжийн цогцолбор газар. Монголд ирсэн жуулчдын дийлэнх нь Горхи, Тэрэлжийн цогцолборт очиж амарч үзсэн нь лавтай.
Гурван модон тор, сандал ширээ байршуулсан гэрт нэг хонох зардал, хоол унд нь ороод 500 мянган төгрөг орчим болдог. Гэтэл Манжуур руу хоёр өдөр, гурван шөнө аялахад 550 мянган, Хөх хот руу 650 мянган төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. Аяллын зардлын үнээс гадна үйлчилгээний байгууллага, иргэдийн харилцаа хандлага тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа нь асуудал болж байна.
Хүний тоо өсөхийн хэрээр хөтөч, компаниуд үйлчилгээ, соёлоо өндөр зэрэглэлд шилжүүлэх шаардлага тулгарч байгаа. Аялал жуулчлалаар дамжуулж нүүдэлчин соёл, онгон байгалиа сурталчлах, сүү, цагаан идээ, дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүнээ таниулах хэрэгцээ их бий ч жуулчдын сэтгэл ханамжийг угтахаас эхлээд үдэлт хүртэл жигд тэгш байлгахыг эрмэлзэх нь чухал.
Чийг үнэртэж, нурах шахсан байшингаа тэнгэрт тулсан үнээр үнэлээд үйлчилгээ нь тэг байдаг Монголын аялал жуулчлалынхны хандлагаас харахад аялал жуулчлал мөддөө хөгжихгүй нь бололтой. Гадаадын жуулчид бүү хэл дотоодын аялагчид ч Монголын аялалын жуулчлалын салбараар үйлчлүүлэхээс айдаг. Адаглаад л амралтын өдрүүдэд үр хүүхдүүдээ дагуулаад салхинд гараад ирье гэхнээ шавар хэдэн тагз, байшингаас өөр үзэж харах зүйл бага. Ихэнх нь уушны газар болж хувирсан нь худлаа биш. Энэ бүгдийг аялал жуучлалынхан хүлээн зөвшөөрөхөөр үйлчилгээ, өрсөлдөөн нь чанаржина.
Энгийн аялагчаас контент бүтээгч хүртэл анхаарлыг татаж чадсан юм чинь анхдагч хэрэгцээг нь хангахад асуудал үүсгэж болохгүй. Тиймдээ ч аяллын компани, жуулчны баазууд өнөөдрийн орлогоо харахаас гадна тэр хүнийг ирэх жилүүдэд дахин Монголд ирэх, зочлох, аялах хөтөлбөр боловсруулахад нь нөлөөлөгч байх хэрэгтэй хөтөч, орчуулагчид, гадаадад амьдарч буй монголчууд зөвлөж байна.
БНСУ-ынх алдартай уран бүтээлчид монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудастаа малчин айлын модон жорлонг онцолсон. Мөн үүний дараагаар ирсэн аялагчид ч Монголын бартаат зам, нойлын асуудлыг шийдэж чадвал аялагчдын заавал ирэх маршрут гэдгийг илэрхийлсэн. Саяхан тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын аялал жуулчлалын үйлчилгээ өндөр үнэтэй, муу байдаг талаар онцолсон нь олны шүүмжлэлд өртсөн.
Өндөр өртөгтэй ч адал явдал, сэтгэл ханамжтай дурсамжтай аяллыг бүтээхэд анхаарах нь чухал.
Бид аялагчийг угтахаас эхлээд үдэх хүртэл ашгаас илүүтэй чин сэтгэлээсээ үйлчилж сурах хэрэгтэй байна. Энэ байдлаа засч залруулж чадахгүй бол төр засгаас мянган сайхан бодлого хэрэгжүүлээд ч нэмэргүй биз ээ.