ХААИС-ийн багш Д.Бямба малын тэжээлийн улаанбуудайг хэрхэн зөв өгөх талаар өнөөдөр УОК-оос хэвлэл хурал зохион байгуулах үеэр тайлбарлав.
Тэрбээр “Зудын суурь ойлголт нь тэжээлийн дутагдал. Өвлийн улиралд монгол мал -20 градусын хүйтэнд ердийн биеийн дулаанаа бариад, давах чадвартай байдаг.
-20 градусаас их хүйтэнд малын тэжээлийн хэрэгцээ нь хоёр хувь нэмэгддэг. Манай улс байгалийн бэлчээрээс 95%-ийн хамааралтай байдаг. Байгалийн бэлчээр нь өвлийн улиралд зуныхаас ургацын хувьд 2-3 дахин, шимт буюу тэжээллэг чанар нь 2-3 дахин буурдаг. Хүйтэн цаг агаар болон тэжээлийн олдоц 2-3 дахин ачаалал малд учруулж байна.
Мал ямар ч салхигүй үед -20 градусын хүйтнийг тэсвэрлэдэг. Салхины хурд 1м/сек нэмэгдэхээр малын арьсанд 2-3 градусын нэмэлт дарамт учруулдаг. Өөрөөр хэлбэл -20 градусын хүйтэн, 3м/секундийн хүчтэй салхитай өдөр малын арьсанд -24-26 градусын хүйтэн мэдрэгдэж, илүү их энерги шаардагдана. Бэлчээр малын энергийн хэрэгцээг хангахгүй учраас мал осгож байна.
Малын энергийг хангахын тулд нэмэлт тэжээл шаардлагатай. Нэмэлт тэжээлийн үзүүлэлт:
Өвс, сүрэл, ногоон тэжээл, хадлан 80%, энергийн эх үүсвэр буюу бүх төрлийн үр тариа 11%-ийг эзэлж, уургийн эх үүсвэр байна.
Энергийн агууламж өвлийн улиралд 14-15% буурсан байхад уургийн агууламж 70% хүртэл буурдаг нь малыг туйлдуулдаг. Кальци, фосфор, магни, кали зэрэг эрдэс 2-7 дахин буурсан байдаг.
Бэлчээрийн шингэц нь уураг, эрдсээс хамаарч муудсны дээр хүйтрэл малд дарамт болдог.
Онцгой байдлын байгууллагаас улаанбуудайг аймгууд руу тусламжаар явуулж байгаа. Тусламжийн улаанбуудайг зөв ашиглахгүй бол малд тэжээл болохгүй, хаягддаг. Улаанбуудайг бүхлээр нь өгөхөөр хальсыг мал задалж чадахгүй, баасаар нь гараад ирнэ. Тиймээс улаанбуудайг бяцалж өгөх ёстой.
Жишээлбэл нэг хонь 400грамм өвс идэж чадаж байвал 70-80грамм бяцалсан улаанбуудай өгнө. Үүнээс илүү өгч болохгүй. Илүү өгвөл шингэхгүй мал бөглөрөх, түгжрэх асуудал гарна.
Зарим мал тэжээлээ хэт их задлаад метан хий үүсэж, гэдэс нь дүүрч үхэх эрсдэлтэй.
Улаанбуудайг дулаан гэрт 2-3 цаг дэвтээж, өгвөл малд хор багатай. Хэмжээ нь дээр дурдсан байна.
Тэжээлийн болон талхны хөрөнгөөр улаанбуудайг исгэж, малд өгч болно. Талхны гурил исгэж буйтай адил 2-3 цаг исгээд өгнө. Исгэх хугацааг үүнээс хэтрүүлж болохгүй” хэмээн зөвлөв.