Өнгөрсөн шөнө БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас гал түймэр гарсан тухай мэдээлсэн.
Энэ асуудлаар УОК хуралдаж, гаргасан шийдвэрүүдийг С.Амарсайхан танилцууллаа.
- Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх ажлын хэсгийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянаар удирдуулан байгууллаа. Талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, зохих арга хэмжээг авч байна.
- Ослын үед угаартаж, түлэгдэж, бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн эмчилгээ оношилгоотой холбоотой зайлшгүй авах арга хэмжээг авах ЭМ-ийн сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Эмчлүүлэгч иргэдийн ар гэрийнхэнтэй уулзах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Бусад зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажиллаж байна.
- Улсын хэмжээнд шатах, тослох материал, бензин шатахуун, хийн түлшний үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэний үйл ажиллагаанд шалгалт хийх комисс байгуулагдан ажилдаа орлоо.
Комисс сургууль, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, хүн олноор суурьшдаг орон сууцны орчимд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хууль, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгааг шалгах юм. Хууль дүрэм зөрчсөн бол үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх, хуулийн дагуу арга хэмжээг авна. Энэ талаар Засгийн газарт мэдээлэл өгч ажиллана.
- 60 айлын орон сууц галд өртсөн. Тэр орчмын иргэдийн 29 машин шатсан. Иргэд өвлийн хүйтэнд одоогоор орон байрандаа орох боломжгүй байгаа. Хуулийн байгууллага орон сууцыг хамгаалалтад авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Буруутай этгээдүүдийг олоод хариуцлага оногдуулахад багагүй хугацаа орохоор байна. Иймд 60 айлын орон сууцыг нэн яаралтай засаж хэвийн горимд оруулахаар Хотын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Энэ хооронд айл өрхүүдийг шаардлага хангасан орон сууцны түрээсийн төлбөрийг Засгийн газар, нийслэлээс өгөхөөр шийдвэрлэлээ.
- Бусад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
- Барилга орон сууц цаашид ашиглах боломжтой гэвэл засвар үйлчилгээг хийх юм. Тэднийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ авахад шаардлагатай ажлуудыг зохион байгуулна.
Засгийн газрын маргаашийн хуралдаанд дээрх шийдвэрүүдийг танилцуулж, авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.