Швейцарийн Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулган 15-19-ний өдрүүдэд үргэлжилж байна. Чуулганд оролцож буй тэргүүлэгч эдийн засагтай орнуудын сонгогдсон төлөөлөгчдөд хандан дэлхийн 250 гаруй саятан, тэрбумтнууд татвар нэмэхийг уриаллаа.
Тодруулбал, баячууд өөрсдөө “Бидний асар их баялагт татвар ногдуулна уу” гэсэн хүсэлт тавьж, нээлттэй захидалд гарын үсэг зурцгаажээ.
Тэдний нээлттэй захидалд “Хэт их баялгаас хэзээ татвар авах вэ гэж гурван жил асууж байна. Энэ энгийн асуултад хариулж чадахгүй байгааг бид гайхаж байна. Бидний хүсэлт маш энгийн. Нийгмийн хамгийн баян хэсэг буюу биднээс татвар авахыг хүсч байна. Ингэлээ гээд бидний амьжиргааны түвшин өөрчлөгдөхгүй, үр хүүхдүүд маань хохирохгүй, улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Харин ч үр ашиггүй хувийн эд хөрөнгийг ардчилсан ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалт болгоно” гэж бичжээ.
“Илүү ихийг төлж байгаадаа бахархаж байна” гэсэн гарчигтай уг захидалд Диснейн өв залгамжлагч Абигайл Дисней, кино зохиолч Саймон Пегг, АНУ-ын алдарт гэр бүлийн өв залгамжлагч Валери Рокфеллер нарын хүмүүс гарын үсэг зурсан байна.
“Оксфам” байгууллага саяхан дэлхийн хамгийн баян таван хүний хөрөнгө 2020 оноос хойш хоёр дахин өссөн гэж мэдэгдсэн. Мөн ирэх 10 жилийн дотор дэлхийн анхны их наядтан гарч ирж магадгүй гэсэн юм. Хэрэв энэ чиг хандлага хэвээр үргэлжилбэл ядуурал дахин 229 жил устахгүй гэжээ.
“Succession” шоуны зохиомол тэрбумтан Логан Ройн дүрийг бүтээсэн жүжигчин Брайан Кокс энэ талаар үзэл бодлоо илэрхийлжээ. “Тэрбумтнууд улс төрийн эрх мэдэл, нөлөөгөө тэлэхийн тулд асар их баялгаа ашиглаж, ардчилал болон дэлхийн эдийн засгийг сүйрүүлж байна. Сонгогдсон албан тушаалтнууд мөнгө, эрх мэдлийн төвлөрлийг арилгахгүй бол үр дагавар нь аймшигтай байх болно” гэв.
“Их-20”-ийн гишүүн орнуудын 2300 гаруй саятан, тэрбумтан оролцсон саяхны судалгаагаар баячуудын олонх нь өөрсдөөс нь өндөр татварыг авахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь амьжиргааны өртгийн хямралыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор баялгийн татварыг нэмэгдүүлэхийг дэмжиж байна гэсэн. Мөн 75 хувь нь тэрбумтнуудад хоёр хувийн баялгийн татвар ногдуулахыг дэмжжээ. Талаас илүү буюу 54 хувь нь баялгийн хэт төвлөрөл ардчилалд заналхийлж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNBC