Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн мэдээллээр өнгөрсөн онд Монгол Улс 80.2 мянган тонн мах экспортолжээ. Энэ нь 2022 оныхоос тав дахин өссөн үзүүлэлт юм байна. БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах экспортолдог байсан бол одоо булангийн орнууд руу сэврээсэн гулууз экспортлоход анхаарч ажиллаж буй аж. Дээрх арга хэмжээний хүрээнд мах экспортолдог компаниуд малчны хотноос амьд хонь худалдан авч, технологийн дагуу бэлтгэн экспортод гаргах арга хэмжээ авч ажилласнаар булангийн орнууд руу 362 мянган толгой мал гаргажээ
Мөн Хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гарган ажиллах болсноор ченжийн дамжлаггүйгээр худалдагч худалдан авагч хоёрыг холбох ажлыг гүйцэтгэсэн байна. Ингэхдээ 2024 оны нэгдүгээр сарын 17-ноос эхлэн биржийн арилжааг идэвхжүүлсэн. Сар гаруйн хугацаанд буюу хоёрдугаар сарын 21-ний байдлаар биржээр 303.73 тонн хонь, 111.56 тонн үхэр, 26.51 тонн ямааны мах, 147.2 тонн адууны мах, нийт дүнгээрээ 588.8 тонн махыг арилжаалж, 5.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
Мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ гэдгийг тодотголоо.