Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг болох Парисын Их дуулга эхэллээ. Нийт таван тивийн 107 улсын 621 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй найм, эмэгтэй арав гээд нийт 18 тамирчин оролцож буй. Одоогоор Монголын тамирчдаас нэг хүрэл медаль хүртсэн амжилттай явна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд өрсөлдсөн Б.Ганхайч хүрэл медалийн төлөө Японы Кирари Ямагүчиг дийлжээ. Тэрбээр С хэсэгт багтаж, хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоанне Ван Лисхутад ялагдаж, улмаар дагах барилдаанд Кубын Мэйлин Дел Торо Гарвахалийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Мөн хүрэл медалийн төлөө хоёр тамирчин барилдсан ч ялагдал хүлээв. Эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү С хэсгийг тэргүүлсэн ч хагас шигшээд Японы Такэши Такэокад ялагдсан. Ийнхүү хүрлийн төлөө АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Нармандахад дийлдэв. Түүний адил эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Ассунта Скуттод ялагджээ.