УИХ-ын даргын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр энэ сарын 19-нд Говьсүмбэр, 21-нд Дорноговь, 26-28-нд Улаанбаатар хотноо болно. Энэхүү номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай ярилцлаа.
-Энэ удаагийн Үндэсний номын баярыг ямар уриан дор зохион байгуулах вэ. Бэлтгэл ажлаа хэр хангаад байгаа вэ?
-Үндэсний номын баярыг 2019 оноос УИХ-ын даргын ивээл дор тэмдэглэдэг болсноос хойш тогтсон уриаг хэвшил болгохоор зорьж байна. Өмнөх жилүүдэд “Өдөр бүр уншъя”, “Өдөрт таван хуудас уншъя”, “Илүү их уншъя” хэмээн уриалж байсан. Энэ удаа уриа солихоос илүүтэй дадал хэвшлийг тогтоохоор “Илүү их уншъя” уриагаа дахин хэрэглэж болох юм гэж үзсэн. Бэлтгэл ажлаа хоёрдугаар сараас эхэлж, гадаадын орнууд руу и-мэйл бичих, хамтын ажиллагааны мэдээллээ түгээх сурталчилгааны ажилдаа орсон.
-Номын баярын ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байх шиг байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Номын баярын үеэр зөвхөн ном худалдан авах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг. Энэ удаагийн номын баярын үеэр 2011 онд хийсэн уншигчдын судалгааг зарлана. Уншигчид одоогоос 12 жилийн өмнө ямар агуулгатай ном уншиж байснаа харьцуулах боломжтой. Ингэснээр ном зүйчид болон мэргэжлийн хүмүүст агуулгын хувьд хэрхэн өөрчлөгдсөн талаарх уншлагын чиг хандлагыг харьцуулах боломж бүрдэнэ.
Өнгөрсөн жилийн номын баяраас хойш эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт гаргасан. Учир нь, номын баярт оролцогчдын 63 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа бий. Мөн хүүхдийн 50 номыг нэрлэнэ. Номын санч, мэдээллийн ажилтан бэлтгэдэг СУИС-ийн Соёлын сургуультай хамтран судалгаагаа эмхэтгэснээ МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимд хүлээлгэн өгч, мэргэжлийн судлаачийн дүгнэлт гаргах, судалгааг боловсруулахаар ажиллаж байна. Номын баярт ирж буй хүмүүсийн нас, хүйс, боловсрол, худалдан авалтын хувьд ч судалгаа хийж үзсэн. Тэдний 75.4 хувь нь 15-35 насны залуучууд, үүнээс 49.6 хувь нь ЕБС-ийн сурагчид байна. Баярын хамгийн чухал нь хүүхдүүд “Ирээдүйд би хэн болох вэ?” гэсэн мэдлэгийг номоос олж авах сайн хандлагатай болж байгаа учир тэднийг мэдээллээр хангах нь чухал гэж үзэж байна. 5, 10 жилийн дараах уншигчийг бэлтгэхэд бидний өнөөдөр явуулж буй энэ үйл ажиллагаа нөлөөлнө. Түүний үр дүнд номын баярыг зорин ирж буй 180 мянган уншигчийн тоо 200-500 мянга болж өснө.
-Энэ жил номын баярын нээлтийг арай өөр онцлогтой зохион байгуулж байгаа гэж сонссон?
-Энэ жилийн бас нэг онцлог нь номын баяр хөдөө орон нутагт эхэлж байна. Бид энэ жил говийн аймгуудад ажиллана гэж төлөвлөсөн. Тиймээс монгол сакура буюу буйлс цэцэглэх цагаар “Илүү их уншъя” хэмээн уриалж, Говьсүмбэр аймагт энэ сарын 19-нд Дуу бүжгийн Боржигон чуулга, Төв номын санд нь Номын баярын нээлтийг хийнэ. Чойр хот буюу номын нэртэй, том түүхтэй найрамдлын аймгаас эхэлж байгаадаа бэлгэшээж байна. Үүний дараа Дорноговь аймгийн Сайншанд хотод 5 дугаар сарын 21-нд төв талбайд Номын баяр үргэлжилнэ. Энэ жил Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож байна. Номын баяр дээр баярын уур амьсгал нэмсэн сайхан цаг тохиож буйд бэлгэшээж байна. Зургаахан настайдаа нутгийн нэгэн ноёны найран дээр “Хурмаст тэнгэр” хэмээх гүн ухааны шүлэг хэлж, хавь ойрын хүмүүсийг алмайруулж байсан энэ хүний түүх өөрөө гайхамшигтай. Номын баярын аялалд яваа зохиогч, хэвлэн нийтлэгчдийн хувьд ч олон сайхан түүхийг эргэцүүлэн бодох, уран бүтээлдээ тусгах чухал санааг өвөртлөн ирэх буй за.
Үүний дараа энэ сарын 26-28-нд Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн үйл ажиллагаа болно. Олон сонирхолтой хөтөлбөрийг уншигчдад хүргэхээр ажиллаж байна. Зарим нэгээс нь дурдвал, BookCon, номын фэнүүдийн уулзалт, Book networking, Change my mind, Quiz, Уншигч зохиолчийн яриа, Fireside chat, “Уншиж чадвал урамшуулъя”, “Хаврын найраг”, “Дэлхий” хамтлагийн тоглолт, “Номын ертөнц” клубийн сурагчдын цүнхтэй ном үзүүлбэрүүд гээд олон арга хэмжээ байна. Бас номын баярын судалгаа, бидний нэрлэж буй номууд, хөтөч мэдээллийн хэсэг, хүүхдүүдийн маань зохион байгуулалт олны анхаарлыг татах байх гэж найдаж байна. Орон нутгаас номын баярыг зорин ирж буй зохиолч, хэвлэн нийтлэгчид өөрсдийн үзүүлбэртэй ирж буй. Бас орон нутгийн номын клубийн сурагчид баяртаа ирж, зохион байгуулалтад ажиллахаар бүртгүүлж байна. Энэ удаагийн номын баярыг нэг цагаар сунгаж, оройн 20 цаг хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Улаанбаатарын номын баярын дараа 6 дугаар сарын 3-ны өдөр дуу хуурын өлгий нутаг, хамгийн олон найрагчтай Дундговь аймаг, Мандалговь хотноо ажилласнаар энэ хаврын номын баярын үндсэн ажил өндөрлөөд, намрын баяртаа бэлдэж эхэлнэ. Энэ ташрамд орон нутгийн аялалдаа дэмжигч, хамтрагч байгууллага, хувь хүн хайж байгаагаа уламжилъя.
-Номын баярын бэлтгэл ажлын үеэр маш олон үйл ажиллагаа өрнөдөг. Энэ удаа төр засагтайгаа “муудах” нь гайгүй юу?
-Тогтмол зохион байгуулдаг ажлууд бий. Ном соёлын ярилцах орчныг бий болгохоор төлөвлөсөн. Үйл ажиллагаа хийхэд маш олон бүтээлч санаа гарч, хэрэгжүүлэх гэхээр санхүүгийн асуудал тулгардаг. Зөвхөн асар түрээслэх, “Номын ертөнц” сэтгүүл, нэвтрүүлгийн хамтын ажиллагааны хүрээнд босгож буй мөнгө хангалтгүй.
Төрөөс энэ жил дэмжиж ажиллахаа илэрхийлсэн, гэхдээ тэр дэмжлэг талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тайзны зардал, чимэглэл түүнийг хийх, ажиллуулах хүн хүчний зардалд нь таарч байгаа. Харин бид төрийн байгууллагууддаа тодорхой хөнгөлөлттэй үнээр асар гарган өгч, хамтран ажиллахаар болсон. Энэ нь өмнөх жилүүдээс өөр жишиг болж байна. Харилцан бие биенээ дэмжин, хамтарч байна. Мэдээж төрөөс зохион байгуулалтын ажилд шуурхай шийдвэр, хамтын ажиллагааны туслалцааг хангалттай өгч анхааран ажиллаж буйг дурдах нь зүй. Өнгөрсөн хоёр удаагийн төрийн байгууллагуудын алдаа энэ жил давтагдахгүй гэдэгт бүрэн итгэж байна. Уялдаа холбоогүй байдал клубийн болон багийн залуусын маань урам зоригийг сулруулж, эрч хүчийг барчихсан. Энэ оны гуравдугаар сараас бүх юм эерэг сайхан болчихлоо. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт гэнэтийн таагүй явдал гарсан ч тэр дор нь учраа олж, дарагдсан. Баярын дараа бид чухал ажлууд төлөвлөж байгаа тул тодорхой асуудлуудыг хөндөх болно. Түүнд зориулсан судалгаа хийж байгаа. Эхлээд үндэсний номын баярын зөвлөлөөрөө хуралдаад, шийдэлд хүрсний дараа хийх ажлууд бий.
-Номын баярт үзүүлдэг төр засгийн дэмжлэг бусад улс орны хувьд ямар байдаг юм бол?
-Төртэй холбоотой нэг чухал санаа хэлэхэд, бид Солонгост номын яармагт 6 дугаар сарын 14-18-нд очихоор зорьж байгаа. Бодлогын хэмжээнд Солонгосын яам, тамгын газар нь манай хийж буй ажилтай төстэй ажлыг хэрхэн спонсорлон ажилладгийг харуулахын тулд нэвтрүүлэг хийх бодолтой байна. Энэ мөрөөдлөө төсөл болгож бичээд, Соёл урлагийг дэмжих санд өгсөн ч тэнцээгүй ээ. Солонгос улсын номын яармагийн сурталчилгаанд спонсорлогч нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь байгааг хараад нүдэндээ итгээгүй.
–Энэ жилийн номын баярт хэчнээн хэвлэлийн компани, хэвлэн нийтлэгч, зохиолч оролцох вэ?
-Номын баярт 300 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч оролцдог. Сүүлийн гурван жилд шинэ залуу хэвлэн нийтлэгчид олноор нэмэгдсэн. Гадаадын 10-аад орноос зочид ирэх мэдээллээ өгсөн. Харамсалтай нь, төв талбайн номын баяр маань төрийн айлчлалтай холбоотойгоор долоо хоног хойшилсон нь тэр хэмжээгээр хүндрэл үүсгэсэн. Гэхдээ нөгөө талдаа орон нутагт ажиллах боломж нээгдсэн. Аливаа зүйл хоёр талтай байдаг хойно бэрхшээлийг боломж гэж хараад хичээн ажиллаж байна.
-“Дэлхийн номын нийслэл” болох зорилтыг 2011 оноос тавьсан. Ямар шатандаа явна вэ?
-Ямарваа нэг зорилт тавих юм бол алхам алхмаар ойртдог. Уншлага бол “Дэлхийн номын нийслэл” цолыг авах хамгийн эхний шалгуур. Бүх нийтээр уншдаг хотын иргэд нэр дэвшдэг тул “Орон даяар уншъя” хэмээн ном уншихыг дэмжих, сурталчлах, зөв агуулгыг чиглүүлэхийг зорьж байна. Номын баяр, “Номын ертөнц” сэтгүүл, нэвтрүүлгийн түүхээ сөхвөл анхлан санаачилж байснаас хойш хүмүүсийн оролцоо, үзэгчийн түвшин өссөн. Ном бол нийгмийн чухал асуудлын нэг, анхаарах ёстой сэдэв гэдгийг харуулж чадсан нь бидний амжилт юм. Хэрвээ “Дэлхийн номын нийслэл” болох зорилт тавиагүй бол ямар зорилттой ажиллах байснаа хэлж мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулж, дараа нь хууль батлах ажлыг санаачилж, хийж буй ажил бүртээ сэтгэл зүрхээ шингээн ажиллаж байна. Нэг л өдөр энэ цолыг авах биз ээ.
-Номын баярыг зохион байгуулахад тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Хуультай болсноос хойш оролцогчид Үндэсний номын баярыг орон даяар нэгэн зэрэг тэмдэглэх боломжгүй байна. Учир нь номын зохиолчид ихэнх нь хотод амьдардаг. Үүнийг төр засгийнхан ойлгож, арай өөр зарчмаар ажиллах талаар анхаараач гэж зохиолч, оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийг энэ ташрамд уламжилъя. Номын баярын өмнө оролцогчдын техникийн зөвлөгөөнд энэ асуудал нэлээд жинтэй яригдсан. Бид хүсэлтээ албан ёсоор төрийн байгууллагуудад уламжлаад, гурван жил болж байна. Хотод ихэнх зохиолчид байх тохиолдолд орон нутагт зохиолчгүйгээр зэрэг тэмдэглэх ямар боломж байгааг харж үзэх нь зүйтэй. Тиймээс бидэнд санал тавьсан аймгуудад ажиллаж тодорхой жишиг гаргахыг зорьж байна. Ажилласан аймгуудынхаа зохиогч, хэвлэн нийтлэгчдийг хотын баяртаа урьж байгаа. Үүнийг МОНЦАМЭ агентлаг маань урилга гээд тусад нь нийтэлж өгөөрэй. Баярлалаа.
Номын баярын нэг сайхан тал нь хүүхдүүд оролцдог үйл ажиллагаа учир гэрэл гэгээтэй, тэгш эрхийг сурталчилдаг, иргэдийн мэдээлэл авах боломж, эрхийг тэгш хангаж ажилладаг тул төрийн байгууллагуудтай илүү сайн ойлголцож хамтарч ажилламаар байна. Мөн хуультай холбоотой үл ойлголцол гэвэл, уриалга, таниулга дээр хүртэл гарч байгаа тул цэгцлэхийг хүсэж байна. Өнгөрсөн хоёр удаагийн номын баяр “зүрхэнд орчихжээ”. Хэтэрхий их төр ярьж байгаадаа хүлцэл өчье. Хамтарсан зорилго, зорилттой урагшилмаар байна. Номын баярыг улсын хэмжээнд бүгд мэддэг болсон учраас эв санаагаа нэгтгэн, үйл ажиллагаагаа уруудуулах биш, улам дээш нь явуулмаар байна.
Нөгөөтээгүүр, энэ удаагийн номын баяр өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулбал оролцогчдын хүлээлт маш өндөр байна. Ойрын өдрүүдэд ном хэвлэлийн газрууд номын баяртаа амжих гээд ачаалалтай, эрчимтэй ажиллаж байна. Энэ жил төрийн байгууллагуудад хандан номын тэтгэлэг олгох ажлыг бодлогоор, маш чухал агуулгуудыг гарган тавьж байгаа хэвлэн нийтлэгчдээ дэмжих тодорхой хэмжээний “грант” бий болгох хүсэлт гаргасан. Тухайн агуулгыг сурталчлан, мөнгөн дэмжлэгийг нутагшуулж эхлүүлэх цаг болсон гэж үзэж байна.
-“Номын баярын Сувдаа” хэмээн уншигчид таныг андахгүй болсон. Та бүхэн номын баяраас өөр хүүхэд залууст чиглэсэн ямар ажил хийдэг вэ?
-Анхандаа “Номын ертөнцийн Сувдаа” гээд нэвтрүүлгийнхээ нэрээр овог болтлоо дуудуулдаг байв. Одоо нэвтрүүлэг маань эфирт гарч байгаа ч “Номын Сувдаа” гээд илүү богиноор дуудуулдаг болчихлоо. Нэвтрүүлгийнхээ дараагийн хөтлөгчийг бэлдчихсэн, дадлагажуулаад яваа тул таны хэлсэн нэрийг дуртайяа авъя.
Манай байгууллагын тухайд ном сонирхогчид төдийлөн мэддэггүй. Бид Үндэсний номын баярыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Үүнээс гадна “Номын ертөнц” нэвтрүүлгийг ТВ9 телевизээр долоо хоног бүр үзэгчдэд хүргэж байна. Номын баярын үеэр номын мэдээллийг багцалсан “Номын ертөнц” сэтгүүлийг 5000 хувь хэвлэн үнэ төлбөргүй уншигчдад түгээдэг. “Редактор” клуб хамтын ажиллагааныхаа хүрээнд ном редакторлох, редактор зүй, ном зүйн соёлыг агуулсан бүтээлүүд дээр ажиллахын сацуу сургалт хийдэг. Ном зүйн соёлыг анхлан ном бүтээгчдэд ойлгуулах зорилгоор ажиллаж байна. Мөн хамгийн дуртай ажил маань “Номын ертөнц” клубийн сурагчидтайгаа хийдэг долоо хоног бүрийн хагас сайны уулзалт байдаг. Тэдний цүнхийг үе үе шалгаад, ямар ном уншиж буйг нь гэнэдүүлээд шалгачихдаг юм. Таван хэсэгт ажиллаж байгаагийн хамгийн сэтгэл татдаг бас цаг, хүч, энерги зарцуулдаг хэсэг бол номын клуб. Эд нар маань ирээдүйн номыг дэмжигчид, уншигчид, бичигчид байна гэдэгт итгэдэг.
Номын баяраар харахад хүүхдүүд ном уншиж байна. Харин юу уншиж байгааг нь мэдэхийн тулд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрөөр Улаанбаатар дахь “Русский дом”-д хүүхдийн номын өдөрлөг зохион байгуулдаг. Энэ үеэр тэдний уншсан номын тэмдэглэлийн үзэсгэлэнг дэлгэж, хүүхдийн номын агуулгын тухай ярилцдаг. Хөдөө орон нутгаас номын санчид, ЕБС-ийн сурагчид оролцох боломжтой.
-Номын баярын үр дүн, алсын харааг тодорхойлж хэлбэл та юуг онцлох вэ?
-Уншина гэдэг тухайн улсын чадварыг тодорхойлно. Тиймээс унших чадвар нь тогтсон улс орны хөгжил хаана хүрснийг харах хэрэгтэй. Өнөөдрийн хийж буй ажил ирээдүйгээ бий болгоход зориулсан хүч хөдөлмөр юм. Яг одоогоор үр дүнг нь хэлж чадахгүй, тийм боломж ч байхгүй. Гэхдээ 10, 20 жилийн дараах нийгмийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнөөр бид уншлагын үр дүн, хэр чухал вэ гэдгийг мэдэх боломжтой.
Бид хэзээ нэгэн цагт зорилгодоо хүрнэ. Тэр цагт эх орныхоо хөгжилд өөрийн мэргэжлийн болоод хувь хүнийхээ зүгээс оруулсан хувь нэмэр минь энэ байг гэж ухамсарлан, аливаад сэтгэлээ дэвсээд, бүтээлч хандлагатай ажиллахыг зорьдог. Ингэж ажиллаад 18 жил боллоо. Үр дүнд нь номынхон дундаа “Номын Сувдаа” нэртэй болж, хийж буй ажил маань нийгэмд танигдаж байгаад баяртай байна. Энэ хүртэл явахад дэмжиж тусалсан олон олон хүнд талархлаа илэрхийлье. Баярлалаа, та бүхэндээ.
Эх сурвалж: Montsame.mn