Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит шагналыг өнөөдөр /2024.01.12/ ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндоржид гардууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын Үндсэн хууль, шинжлэх ухааны тайлбар бичиг туурвисан, философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндоржийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит 2024 оны шагналаар шагнасугай.
Энэ удаагийн шагнал Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор олгож байгаагаараа онцлог. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн арга хэмжээ энэхүү нэр хүндтэй шагналаар эхэлж байгаад баяртай байна. Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход Б.Чимид агсны оруулсан үнэтэй хувь нэмэр шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэж батлахад эх баригчаар оролцсон гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор энэ шагналыг 2014 онд бий болгосон. Шагналын бас нэгэн зорилго бол судалгаа шинжилгээнд суурилсан, үндэслэлтэй хууль тогтоох ажиллагаа, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхийг дэмжихэд чиглэдэг гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот зарлигаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, улмаар батлалцах, түүнийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг баталгаажуулах, хууль шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан олон жилийн гавъяа, зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” тэмдгээр шагнасан байдаг.