Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2018 онд гаргасан 500 сая ам.долларын бондын үлдэгдэл 342 сая ам.долларыг оны өмнө төлж дуусгасан. Мөн энэ оны гуравдугаар сард 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын үлдэгдэлтэй байсныг барагдуулах эх үүсвэрээ бүрдүүлсэн гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Ингэснээр ойрын хоёр жилийн хугацаанд гадаад өр төлбөрт валютын нөөцөө гадагшлуулах шаардлагагүй болсон юм. Тэгвэл Сангийн яам болон Эдийн засаг хөгжлийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гадаад валютын албан нөөц /ГВАН/ дөрвөн тэрбум 918 сая ам.доллар болтлоо өссөн байна. Энэ үзүүлэлт нь түүхэн дээд дүн юм.
Үүнээс өмнө валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч дөрвөн тэрбум давж байсан нь гурван тохиолдол байдаг.
- 2012 оны 12 сард 4 тэрбум 126 сая,
- 2020 оны 2 сард 4 тэрбум 371 сая,
- 2021 оны 4 сард 4 тэрбум 892 сая ам.долларт тус тус хүрч байжээ.
Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг.
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активуудаас бүрддэг байна.