Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар урд хөршид айлчилж байна.
Уг айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүд шинэчлэн томилогдсоноос хойш манай төрийн өндөр албан тушаалтан айлчилж байгаа анхны тохиолдол болж байна.
Хоёр орны Гадаад харилцааны сайд нар өчигдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Энэ үеэр талууд өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн төрийн айлчлалаар хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаар тохиролцсон. Тодруулбал,
- Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх.
- Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.
- Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах.
- Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх хүрээнд хоёр улсын хоорондын галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг ойрын хугацаанд сэргээж, нислэгийн тоог нэмэх.
- Цөлжилтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд Монгол-Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгааны төвийг байгуулах.
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 бага хурал(COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.
- Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлах зэрэг асуудлаар тохиролцсон.
Мөн Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэлийг сайтар хангах, энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын харилцаа холбоог эрчимжүүлэх талаар санал солилцжээ.