УИХ-ын дарга Г.Занданшатар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон талаар мэдээлэл танилцууллаа. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, хаврын улирал ирж байгаа ч монгол орны хэмжээнд цас зудны эрсдэл өндөр байна. Зудын аюул эрсдлийг гарз хохиролтой даван туулахын тулд анхаарч ажиллаж байна. Тиймээс малчиддаа туслах аян өрнүүлж байна. Мал малчдын өмч боловч монголчуудын баялаг, тусгаар тогтнолын баталгаа, нүүдлийн өв соёлыг тээгчид билээ. Тиймээс тэдэндээ халуун сэтгэлээр туслах нь зүйтэй. Мөн Монгол Улсын иргэн н.Номун-Эрдэнэ Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэхн, ашиглуулах тухай 2013 онд батлагдсан хуулийг хүчингшүй болгох саналыг цахим өргөдлийн системд буланд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. УИХ-ын нэгдсэн чуулганы Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд уг саналыг заавал авч хэлэлцэх, санал санаачилгыг холбогдох байгууллагуудад уламжлах хуультай.
Тиймээс УИХ-аас иргэний санаачилгатай холбоотой буюу Газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг санаачилж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, байнгын хороодын бүх дарга нар дэмжлээ. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуульд байгаа газрыг 100 хүртэл жилээр эзэишүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл байдлыг хангаад байна.
Мөн Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуультай холбоотойгоор Газрын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилтийг шалгах зайлшгүй шаардлагатай байна. Иргэдтэй уулзаад явж байхад хөдөө орон нутагт 0.35, хотод 0.7 га газрыг эзэмшүүлэх хууль гаргасан. Гэтэл зарим иргэд 0.7 га газраа ч эзэмшиж чадаагүй байхад яахаараа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулах асуудал хөндөгдөж байгаа талаар тодруулан асууж байна. Газрын хуультай холбоотой асуудал Өмнөговь аймагт тодорхой харагдаж байна. Газрыг танил талтай, ар өврийн хаалгатай, эрх мэдэлтэй нь авдаг үзэгдэл хавтгайрлаа. Газрын тухай хуулийн хэрэгжилт ил тод бус байна.
Тиймээс Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, Ашигт малтмалын зөвшөөрөл олголт түүний хэрэгжилт АМНАТ-ын тооллого төсөвт төвлөрүүлж байгаа орлогын тооцоо, Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх нь зүйтэй гэж үзлээ. Иймд энэ асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж, уг асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох бүрэлдэхүүнтэй байгуулж байна.
Газар бол улсын үндэс, бизнесийн үндэс, амьдралын, тусгаар тогтнолын үндэс. Тиймээс энэ асуудал дээр тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Биднийг ажиллаж байх хугацаанд Монгол улсын халдашгшүй дархан газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүдэх асуудал гарахгүй гэж үзэж энэ асуудлыг таслан зогсоох ёстой гэж үзэж байна. 2013 оны Засгийн газрын үед өргөн барьж батлуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох ёстой. Хэдийгээр энэ хууль Газрын тухай хуульд тусаж хэрэгжээгүй боловч ийм боломж үүд хаалгыг нээлттэй орхиж болохгүй. Энэ Асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэгдмэл байр суурьтай байгаа.