Оны өмнө олны сэтгэлийг түгшээсэн хэд хэд осол гарсан. Ослын улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн, олон тонны бараа бүтээгдэхүүний хохирол амссан тохиолдлууд ч бий. Тухайлбал, орон сууцанд урьдчилсан дүгнэлтээр гацуур мод шатсанаас болж долоон хүн галд өртөж нас барсан. Мөн Монголын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаар хангадаг үйлдвэрийн агуулахад гал гарсан юм. Тэгвэл эдгээр ослуудын шалтгаан, дүгнэлт гарсан эсэхийг холбогдох байгууллагуудаас тодрууллаа.
Цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр, орон сууцанд гарсан галын шалтгаан нөхцөлийг тодруулах шалгалт дуусаагүй.
Гурилын үйлдвэрт гарсан шалтгааныг мөн холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа гэв.
“УЛААНБААТАР ГУРИЛ” ХХК: МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
“Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулахад өнгөрсөн сард /2023.12.25/ 06.38 цагт гал гарч, галыг тухайн өдрийн 11:00 цагийн үед бүрэн унтраасан. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Бид “Улаанбаатар гурил” ХХК-тай холбогдож тодруулахад, “Манай үйлдвэр Монголын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаар хангадаг. Үйлдвэрийн агуулахад гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Үйлдвэрийнхэн болон алба хаагчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Бид мэдээлэл өгөх боломжгүй. Галд өртсөн агуулахад байсан бүтээгдэхүүний хэмжээг мөн шууд хэлэх боломжгүй” гэсэн юм.
ГАЦУУР ШАТСАНААС БОЛСОН ЭСЭХИЙГ ТОГТООХООР ЦАГДАА, ПРОКУРОРЫНХОН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх 10 давхар орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарсан тухай дуудлага мэдээлэл 2023 арванхоёрдугаар сарын 19-ний 07:02 цагт НОБГ-т ирсэн байдаг. Дуудлагын дагуу НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тухайн өдрийн 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа, прокурорынхон ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
Сүүлийн саруудад ахуйн болон үйлдвэрийн галын осол ихэсч байгаа бөгөөд цахилгааны холболт болон бусад шаардлагатай зүйлсээ эрсдэлтэй байгаа эсэхийг тогтмол шалгаж байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.