Японд амьдардаг гурван гадаад иргэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан гэх үндэслэлээр тус улсын эрх баригчдыг шүүхэд өгчээ. Нэхэмжлэгч нар гадаад төрхөөсөө болж цагдаад удаа дараа байцаалт өгсөн байна.
Энэ төрлийн нэхэмжлэл Японд анх удаа гарч байгааг өмгөөлөгч Мотоки Танигучи хэллээ. Нэхэмжлэгч иргэн тус бүр гурван сая иенийн нөхөн төлбөр авахыг хүсч байна.
Тэдний нэг Пакистан гаралтай Сайед Заин хэлэхдээ “Гадаад хүн л бол гэмт хэрэгтэн гэсэн ойлголт маш хүчтэй байдаг. Цагдаагийн байцаалтыг хэрхэн яаж зохицуулдаг болохыг эргэн харах цаг болсон” гэжээ. Тэрбээр Японд 20 жил амьдарч буй бөгөөд зургаан настайдаа ирсэн байна.
Харин Энэтхэг гаралтай Мэтью 2002 онд Японд ирсэн. Энэ цагаас хойш тэрбээр дор хаяж 70 удаа цагдаад байцаалт өгсөн байна. “Саяхныг хүртэл нийгмээс зугтах гэж юу байдгийг мэдэхгүй явлаа. Ажлаа тараад харих болгондоо гэртээ нуугдах гэж яваа юм шиг санагддаг” гэж тэр ярьжээ.
Африк-Америк гаралтай Морисын хувьд цагдаа нараар тогтохгүй энгийн иргэдэд хүртэл байцаагдсан байна. Ердийн япончууд түүнээс визний хугацаа нь дууссан эсэхийг шалгаадаг гэв. “Хэлэхэд хожимдсон байж магадгүй ч… ийм зүйл өдөр бүр болдог. Хойч үедээ ийм зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлэхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой гэдгийг бусдад ойлгуулмаар байна” гэж тэр хэллээ.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой маргаан өнгөрсөн долоо хоногт ч бас тус улсад дэгдсэн. Тодруулбал, украин гаралтай загвар өмсөгч бүсгүй Японы миссээр шалгарснаар олон нийтийн дунд маргаан үүссэн юм.
Токио дахь АНУ-ын Элчин сайдын яам 2021 оны арванхоёрдугаар сард “Японы цагдаа нар иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байж болзошгүй” талаар иргэдэд анхааруулж байв.
Эх сурвалж: BBC