Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.
Шигшээ багууд ч бүрэлдэхүүнээ эхнээсээ зарлаж байна. Монголын шигшээ багийн тухайд дараах тамирчид үндсэн бүрэлдэхүүнд сонгогджээ.
- Б.Билгүүн /ахлагч/
- А.Ананд
- М.Өлзий-Орших
- А.Азбаяр
- А.Тэмүүжин
- Г.Ган-Эрдэнэ
- О.Энхбаатар
- О.Эрдэнэцогт
- Н.Батбаяр
- Т.Ууганбаяр
- А.Энхбаясгалан
- О.Оргил
Монголын шигшээ багийн тухайд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад илүү нуруулаг болсон. Учир нь О.Оргил, Ц.Азбаяр нар будагтай талбайд хүч нэмнэ. Гагцхүү биеийн хөгжлөөр Гуам, Хятадын төвүүдээс дутах магадлалтай. Гэхдээ сайн тал нь цэвэр шидэгч буюу Н.Батбаяраар хүч нэмжээ. Үүнээс гадна эцэст нь О.Эрдэнэцогт Монголын шигшээ багийн төлөө албан ёсны анхны тоглолтдоо оролцоно. Өмнө нь тэрбээр оролцох гэж байсан ч эхний удаад нь тэмцээн хойшилж, дараа нь тэрбээр сарвуундаа бэртэл аван оролцох боломжгүй болсон билээ.
Харин Монголын эсрэг тоглох Гуамын шигшээ баг багагүй өөрчлөлтийг хийж, туршлагатай тоглогчдоор хүчээ зузаатгажээ. Тэдний бүрэлдэхүүнд Көртис Вашингтон гэх 32 настай, 2.08 метр өндөртэй, хүчний довтлогч, төвийн байрлалд тоглодог залуу нэмэгдэв. Америк гаралтай түүний хувьд NCAA-ийн нэгдүгээр дивизоны Өмнөд Калифорниагийн их сургууль, Жоржиа Стэйтийн их сургуульд тус тус суралцаж, хаалт тавидгаараа алдартай байжээ. Мөн NBA-ийн хөгжлийн багийн сонгон шалгаруулалтад орж, Канад, Шинэ Зеаландын лигүүдэд тоглосон туршлагатай.
Мөн Такүми Саймон гэх Японы “B1” лигт тоглодог залуу шидэгчийг дууджээ.
Мэдээж өнгөрсөн жил Монголын шигшээг 82-81 гэсэн харьцаатай хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн Жонатан Галловэй, Тай Уэсли, Ирнест Росс нар эргэн ирнэ. Эндээс харахад Гуамын шигшээ баг улам өндөр, биерхүү болж, аюултай шидэгчийг нэмжээ.
Тэгвэл Хятадын шигшээ баг хараахан үндсэн бүрэлдэхүүнээ зарлаагүй байгаа ч 18 настай Ян Хансен гэх залуу төвийн тоглогчийг бэлтгэлдээ дууджээ. 2.16 метр өндөртэй тэрбээр нутгийнхаа Чиндао Иглез багт тоглодог бөгөөд лигтээ 15.6 оноо, 11.4 самбар дунджилж байна. Үүнээс гадна түүнийг 2027 оны NBA-ийн драфт сонгогдох өндөр боломжтой гэжээ.