Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ослын талаар Улсын Онцгой Комисс мэдээлэл хийж байна. Энэ үеэр сэтгүүлчид ослын үеэр галд өртсөн “Edu Apartment” 60 айлын орон сууцнаас оршин суугчдын талаар тодруулсан юм.
Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дарга Г.Ариунбуян “Галын аюулд хамгийн их өртсөн нь “Edu Apartment”. Энэ байранд ойролцоогоор 180-200 орчим иргэн амьдардаг. Нэг орцтой, 14 давхар байр. Энэ байранд гарсан галыг манай байгууллагын 10 анги, 200 гаруй албан хаагчид гурван цаг гаруй ажилласны эцэст тархалтыг нь зогсоосон.
Бид Цагдаагийн байгууллагатай хамтарч утаашилтын бүсээс оршин суугчдыг гаргах ажлыг шуурхай зохион байгуулснаар иргэдийг “Күүпер Плаза” зочид буудал руу шилжүүлсэн.
Шатсан орон сууцанд үзлэг явуулаад хоёр өрхийн иргэнтэй холбогдох боломжгүй байсан ч сүүлд нь холбоо тогтоосноор Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өөр гэмтэж бэртсэн иргэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хариуллаа.