Өнгөрсөн амралтын өдрүүдээр МИАТ ТӨХК руу чиглэсэн эерэг, сөрөг контентууд хөвөрсөн. “БНХАУ Эрээнээс олон улсын нислэг үйлдээд эхэлчихлээ. Энэ бол Монголоос бусад орон руу нисэхээс хоёр дахин хямд зардалтай” гэхчлэн шүүмжилцгээсэн.
Нөгөө талаар, гэнэтхэн үндэсний авиа компани руу чиглэсэн шүүмжлэл сошиалд түгсэн нь зорилготой байв уу гэсэн өнцгүүд ч ажиглагдаж байв. Бүр тодруулбал, үүний цаана МИАТ ТӨХК-ийг хувьчлах лобби явагдаж буй, ийн нөлөөнд автах нь үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй гэлцсэн.
Тэгвэл яг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сөүл хотноо ЗТХЯ болон БНСУ-ын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам хоорондын уулзалт болсон байна. Үүгээр зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрчээ.
БНСУ-ын Yonhap агентлагт мэдээлснийг үзвэл, нийт долоон нисэх буудлаас Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсон аж. Өмнө нь тав байсан. Ингэхээр нааш нислэг үйлдэх онгоцны буудлын тоог хоёроор нэмэгдүүлсэн байна.
Тодруулбал,
- Жежү
- Янганы нисэх буудлаас Монгол руу нислэг үйлдэх сонирхолтой авиа компаниудын хүсэлтийг хүлээж авахаа тус улсын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам мэдэгджээ.
Үүний дээр Гимхай нисэх буудлаас долоо хоногт зургаан удаа Монгол руу нисэж байсныг ес болгон нэмэгдүүлж. Мөн онгоцны багтаамж 200 зорчигчоор хязгаарлагддаг байсныг цуцалсан байгаа юм.
Цаашлаад, зуны ачааллын саруудад БНСУ-аас Монгол Улсыг зорих зорчигчийн урсгал 9 мянгаар хязгаарлагдаж байсан. Үүнийг мөн 10 мянга 800 болгож нэмэгдүүлсэн байна.
Засгийн газраас “Welcome To Mongolia” хөтөлбөрийг эхлүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсний гол төвлөрч буй бодлого БНСУ-тай холбоотой. Бодлогоор БНСУ-ын нэр бүхий инфлүүсэр, цахимд өндөр дагагч бүхий хүмүүсийг урьж авчирч байгаа. Статистик харвал, 2022 онд 318 мянган хүн БНСУ-аас ирж байсан бол өнгөрөгч 2023 онд 653 мянга болж, хоёр дахин нэмэгдсэн байна.
БНСУ-ын талтай ийм тохиролцоонд хүрч байх үес Монголд, сошиал орчинд МИАТ ТӨХК руу чиглэсэн сөрөг шүүмжлэлүүд газар авсан нь ингэж давхацжээ. Хардаж ч болмоор.