Дүнжингаравын уулзвар дээр гарсан ослын нөхцөл байдалтай холбоотойгоор “Дашваанжил” ХХК-иас өнөөдөр /2024.01.25/ мэдээлэл хийж байна.
Дашваанжил ХХК-ийн ерөнхий захирал Н.БААТАРЖАВ:
-Манай компанийн газ тээвэрлэж явсан автомашин осолд орсон. Ослын үеэр үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдад гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ осол санамсаргүй, давагдашгүй хүчин зүйл боллоо гэж үзэж байгаа. Гэмтэж бэртсэн иргэдийг хурдан эдгээсэй гэж хүсч байна. Осол гаргасан жолооч 62 настай, олон жилийн туршлагатай. Манай компанид 2019 оноос ажилд орсон архи, тамхи хэрэглэдэггүй онц тээвэрчин.
Ослын газар дээр би өөрийн биеэр орж танилцахыг хүссэн ч хуулиар мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир оруулахгүй гэсэн. Одоо манай компанид шалгалтын ажил үргэлжилж байна. Жолоочийн тухайд хууль эрх зүй болоод эдийн засгийн бүх зардлыг компаниас хариуцаж ажиллана.
Хуулийн дагуу хэн нэгэнд буруу гэх шийдвэр гарсан тохиолдолд бид хариуцлага хүлээхэд бэлэн.
Давагдашгүй нөхцөл байдлын бичлэгийг харж байхад янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байгаа харагдана. Манай компанийн жолооч дөрвөн жил манайд ажиллаж байгаа, ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Тиймээс хуулийн байгууллага, мэргэжлийн өмгөөлөгч нартай хамтарч ажиллаж байна.
Би хэнийг ч буруутгаагүй. Гэхдээ бичлэгээс харахад манай жолооч маш тайван аажуу явж байсан.
Манай жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцсон. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр газны талаар олон мэдээлэл гарч байна. Гэхдээ газны талаар буруу, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна.
ГАЗ АЧИЖ ЯВСАН АВТОМАШИН 60 ТОНН БУС 15,4 ТОНН ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН
“Дашваанжил” ХХК-ийн ажилтан:
-Монгол Улсад хийн аж ахуй, газ тээвэрлэх дүрэм байдаг. Аюултай ачааг тээвэрлэх дүрэм ч бий. Манай компанид хот хоорондын 20 гаруй газ тээвэрлэдэг автомашин бий. Манай компани шаардлага хангасан, техникийн зориулалтын газ тээвэрлэдэг автомашин ашигладаг. 2019 онд Шадар сайд аюултай ачаа тээврийг тээвэрлэх маршрутыг гаргасан. Тэр маршрутын дагуу заасан цагт шатахуунаа тээвэрлээд явж байсан. Осолд гаргасан автомашиныг 2024 нэгдүгээр сард худалдаж авсан байсан. Уг машинаар дөрвөн удаа тээвэр хийсэн.
Том оврын автомашинууд хот дотор 22:00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцож болдог. Ослын үеэр газ ачиж явсан автомашин 60 тонн бус 15.4 тонн газ тээвэрлэж явсан.
Манай компани дэргэдээ газын сургалтын төвтэй. Ажилчдадаа уг сургалтад хамруулдаг. Бүх жолооч нар аюултай ачаа тээвэрлэх тусгай үнэмлэхтэй.
Ёмкост цоорсон байсан эсэхийг мөн шалгалтаар тогтооно. Осол гарах үеэр цоороогүй. Харин дэлбэрэлтийн үеэр ёмкост шидэгдэж цоорсон байж болзошгүй.
Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд гарсан хойно асуудлыг дахин ярих нь зүйтэй.