Дэлхийн хамгийн баян таван хүн 2020 оноос хойш хөрөнгөө хоёр дахин өсгөсөнийг “Oxfam” байгууллага өнөөдөр /2024.01.15/ мэдээллээ. Энэхүү мэдээллийн хамтаар татварын бодлого дахь баячуудын нөлөөг эсэргүүцэхийг улс орнуудад уриалав.
Хамгийн баян таван эрхэм нь “SpaceX”, “X”, “Tesla” компаниудын эзэн Элон Маск, “Louis Vuitton Moët Hennessy” групп компанийн ерөнхийлөгч Бернард Арнолт, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, “Oracle” корпорацийн Ларри Эллисон, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нар юм.
Давосын чуулганы үеэр нийтлэгдсэн тайланд дурдсанаар тэдний хөрөнгө 2020 онд 405 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 869 тэрбум болж өсчээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд дэлхий даяар таван тэрбум орчим хүн ядууралд нэрвэгдсэн байна. Шинэ арван эхэлснээс хойш дэлхий дахин эдийн засгийн олон хямрал үзэж байна. Гэсэн хэдий ч дэлхийн тэрбумтнууд энэ хугацаанд хөрөнгөө өсгөж чаджээ.
“Oxfam” байгууллагаас дэлхийн тэгш бус байдлын талаарх уг тайланг жил бүр Давосын чуулгантай давхцуулан гаргадаг уламжлалтай. Тэнцвэргүй байдлыг арилгахын тулд дэлхийн саятан, тэрбумтнуудад баялгийн татвар ногдуулахыг тус байгууллага уриалж байна. Ингэснээр жил бүр 1.8 их наяд ам.долларын ашиг олох боломжтой аж.
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад аж ахуйн нэгжийн татвар 1980 онд 48 хувьтай байсан. Тэгвэл энэ үзүүлэлт 2022 онд 23.1 хувь болж мэдэгдэхүйц буурчээ.
Эх сурвалж: JAPAN TODAY