“Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аянд амжилттай оролцон, хуримтлалыг хэвшүүлэх, хуримтлалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлст хувь нэмрээ оруулж, манлайлж оролцон Тэргүүн байранд шалгарсан Төрийн банк, Дэд байранд орсон Богд банк, Гутгаар байр эзэлсэн Голомт банканд Монголын банкны холбооноос уламжлал ёсоор цом, өргөмжлөлийг гардууллаа.
Өнгөрсөн 2023 онд Төрийн банк “Санхүүч тагтаа” санхүүгийн боловсрол олгох аян, Богд банк “Итгэл” хүүхдийн хадгаламж, Голомт банк “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”, Худалдаа, хөгжлийн банк “Хуримтлалтай Монгол” аян, М Банк “Хадгаламжтай бол cashback-тай”, ХААН Банк “Парист хүргэх хадгаламж”, Ариг банк “Аригтай хадгалъя” аян, Капитрон банк “Нэмдэг хадгаламж” зэрэг хуримтлалын аян, хөтөлбөрүүдийг өрнүүлж, хэрэгжүүлсэн бөгөөд зөвхөн 10, 11 дүгээр сард буюу “Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аяны хугацаанд арилжааны найман банкны хэмжээнд 1.7 их наяд төгрөгийн хуримтлалыг татан төвлөрүүлжээ.
Аяны нээлтийг Төв аймгийн Эрдэнэсант болон Лүн суманд зохион байгуулсан бол хаалтын өдөрлөгийг энэ жил анх удаа орон нутагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулсан юм.
“Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор 11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1934 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан, сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2012 онд нэгдэн орж, харин 2017 онд тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн 10 дугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон билээ.
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО