Монгол улсын Гавьяат Эдийн засагч Д.Батсайхантай ярилцлаа.
-Сонгуулийн жил бүр төсөв тэлж, зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгддэг. Энэ оны эдийн засгийг та хэрхэн дүгнэж байна?
-Сонгуулийн жил бүр төсөв нэмэгддэг муу зуршилтай болчихоод байна. Тэр дундаа урсгал зардлын хэмжээ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, сайн зардал болох хөрөнгийн зардлын хэмжээ өсдөггүй. Харин муу зардал болох урсгал зардал өсдөг. Энэ оны төсөв Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр хэмжээтэй буюу 27 их наяд төгрөгт хүрч тэлсэн. Нийт төсвийн 60 хувь нь урсгал зардалд зарцуулагдана. 2024 оны төсөв 27 их наяд хүрч тэлсэн нь эдийн засгийн өсөлттэй холбоотой гэхээс илүүтэй сонгуулийн жил тохиож байгаатай шууд хамааралтай байна. Товчхондоо үрэлгэн төсөв болсон. Үүний үр дүнд эдийн засагт саармагжилт бий болгож, үнийн хөөргөдөл бий болно. Сүүлийн 27 сарын туршид Инфляци төв банкны зорилтот түвшингөөс давсан. Оны эцсээр инфляци 10 орчим хувьтай гарсан гэх боловч энэ онд инфляци бүр өндөр байх дүр зураг харагдаж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэж хэрэглээний шинжтэй зардал өсч, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг дагаад бараа таваарын нийлүүлэлт нэмэгдэх дүр зураг ажиглагдахгүй байгаа учраас инфляцийн өсөлтийг өдөөнө. Энэ утгаараа Манай эдийн засгийн таамаглал 1-2 жилээр ухрахаар харагдаж байна. Дэлхийн эдийн засгийг аваад үзвэл энэ онд тийм ч таатай, эерэг байх үзүүлэлт ажиглагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ улам саармагжихаар байна. Монгол Улсын эдийн засаг жижиг. Тэр тусмаа хөрш орнуудын эдийн засаг, БНХАУ-аас шууд хамааралтай. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг өсөх таамаглал байхгүй байгаа зэрэг нь Монгол Улсын эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө.
Тиймээс Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээний эрсдэл бий болж буурах дүр зураг ажиглагдаж байна. БНХАУ-ын зах зээл дээр үл хөдлөх салбарын хямрал бий болсон. Энэ хямрал дэлхийн зах зээл дээрх металлын үнийг бууруулах эрсдэлийг авч ирнэ гэж судлаачид үзэж байна.
Энэ эрсдэл монголын гол орлого олдог салбаруудад сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа Монгол Улс алт, зэс, нүүрс, нефть гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс гол орлогоо олж байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ буурахад монголын эдийн засаг уруудах эрсдэлтэй.
-Эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах талаар олон жил ярьж байна. Гэсэн хэдий ч бодит байдал дээр ярихаас цаашгүй л байсаар байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу ноолуур, махны экспортыг аваад үзвэл өнгөрөгч онд нийт 0.7 тэрбум ам.доллар олсон байна. Төсвийн зарцуулалтыг аваад үзвэл уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байна?
-Монгол Улсын эдийн засгийг нэг өрх айл гээд аваад үзвэл маш үрэлгэн айл болчихоод байна. Энэ айл таван ам бүлтэй гэж бодвол тавуулаа цалингийн орлогогүй. Аав ээжээсээ өвлөгдөж ирсэн авдартаа байгаа үнэт эдлэлээ зарж түүгээрээ амьдардаг ийм л айл. Эдийн засгаа солонгоруулъя гэвэл гэр бүлийн таван гишүүн тавуулаа өөр өөр төрлийн орлого олдог болох хэрэгтэй. Тэгвэл хэн нэгнийх нь орлого саармагжсан тохиолдолд бусад нь түүнийг нөхөөд явах боломжтой болно. Монголын эдийн засаг нэг л төрлийн орлоготой. Тухайлбал, 2023 оны эхний найман сарын статистик мэдээллийг харвал аж үйлдвэрийн нийт борлуулалт 29.5 их наяд төгрөг байна. Үүний 78 хувь нь буюу 22.9 их наяд төгрөгийг зөвхөн уул уурхайгаас олсон байна. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулвал аж үйлдвэрийн салбарын борлуулалт 12.4 их наяд төгрөгөөр өссөн харагддаг. Үүнийг эдийн засагт эерэг үзүүлэлт гарлаа, эдийн засаг өслөө гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл энэхүү 12.4 их наяд төгрөгийн 10.6 их наяд төгрөг нь зөвхөн уул уурхайн түүхий эдийн кборлуулалтын өсөлтөөс бий болсон орлого байгаа юм. Өнгөрөгч 2022 онд 30 хүрэхгүй сая тонн нүүрс борлуулсан бол 2023 онд 60 сая тонн нүүрс борлуулсан.
Тиймээс өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин их нүүрс борлуулсны орлого 10.6 их наяд төгрөг юм. Гэтэл аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт болох 12.4 их наяд төгрөгөөс уул уурхайн салбарын 10.6 их наяд төгрөгийг хасаад цаана нь үлдэж байгаа 1.8 их наяд төгрөг бол уул уурхайгаас бусад бүх салбарт бий болсон өсөлт. Өсөлт гэхээсээ илүү инфляци. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдээгүй.
Харин үнэ нь өссөн учраас 1.8 их наяд төгрөгийн өсөлт харагдаад байгаа юм. Тиймээс бодит байдал дээр эдийн засаг огт өсөөгүй бөгөөд төрөлжөөгүй. Өнгөрөгч 2023 онд БНХАУ 240 сая тонн буюу түүхэн дээд хэмжээгээр нүүрс худалдаж авсан. Үүний 20 орчим хувийг Монгол Улс нийлүүлсэн байна. Тиймээс ирэх жил БНХАУ-ын эдийн засаг сайнгүй байх учраас 2024 онд 2023 онд гаргасан 60 сая тонн нүүрсний хэмжээнд хүрэх эсэх, нүүрсний үнэ одоогийн түвшинд байх эсэх нь эргэлзээтэй байна.
-Энэ оны төсвийг батлахдаа 60 сая тонн нүүрс экспортолно гэсэн өөдрөг төсөөлөлтэй баталсан. Төлөвлөсөн хэмжээндээ нүүрс экспортолж чадахгүй бол асуудал хүндрэх байх. Харин үнийн тухайд биржийн тогтолцоонд шилжсэнээр нүүрсний үнэ өснө гэсэн хүлээлт байгаа нь хэр бодитой гэж харж байна?
-Биржээр нүүрсээр худалдах нь илүү шударга нээлттэй л болгож байгаа нь сайн хэрэг. Уурхайн амны үнэ, хилийн үнийн зөрүүгээс ашиг олдог тогтолцоог халж далд эдийн засгийг ил болгож байгаа учраас биржээр нүүрсээ худалдах нь зөв. Нүүрсний үнэ 2013 онд нэг тонн нүүрс 30 ам.доллар байсан бол өнгөрсөн онд 300 ам. долларт хүрсэн. Харин одоо 115,9 ам.доллар байна. 2024 оны төсөвт 1 тн нүүрсний үнийг 140 ам доллар байхаар тооцсон байна.
2023 оны нэгдүгээр сарыг арванхоёрдугаар сартай харьцуулбал нэг тонн нүүрсний үнэ 38.1 хувиар буурсан байна. Гэтэл Монгол Улс экспортод гаргах нүүрсээ 60 сая тонн болгож хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн.
Угтаа нүүрсний үнэ буурч байхад гаргах хэмжээгээ нэмэгдүүлээд байсан. Гэтэл алтны үнэ 11.3 хувиар өссөн байхад борлуулдаг хэмжээгээ 20 хувиар бууруулсан. Газрын тосны үнэ 21.5 хувиар буурсан байхад борлуулалтаа 2.3 сая баррелаар нэмэгдүүлсэн байна. Энэ бүхнээс юу харагдаж байна гадагшаа борлуулдаг бүтээгдэхүүний үнэ буураад байхад илүү ихээр зараад байдаг, Үнэ өсөхөөр илүү багаар зараад байдаг зах зээлийн бус буруу жишиг тогтчихоод байна. Малчин айл махны үнээ буураад байхад малаа олон тоогоор зардаг бил үү. Энэ бол эдийн засгийн хувьд байж боломжгүй үзүүлэлт.
Үнэ өссөн үед худалдаа хийж орлого олох нь эдийн засгийн суурь ойлголт. Гэтэл монголын эдийн засаг дэлхийн эдийн засгийн суурь ойлголтын эсрэг явж байна. Үнэ өсөх буурахаас үл хамаарч борлуулалт хийх нь ирээдүйн эдийн засгийн стратегид маш сөрөг нөлөө үзүүлнэ.
-Монгол Улсын эдийн засаг 2023 онд 6.9 хувиар өссөн. Хамгийн гол нь макро түвшинд гарч байгаа эдийн засгийн өсөлт өрх гэрийн хаалгаар орохгүй байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна?
-Эдийн засгийн өсөлт нэгдүгээрт бодитой биш. Эдийн засаг өссөн мэтээр харагдуулж байгаа ганцхан үзүүлэлт нь нүүрсний борлуулалт гэдгийг дахин хэлье. Нүүрсний үнэ унах, нийлүүлэлт буурахад л эдийн засгийн өсөлт байхгүй болно. Ганцхан уул уурхайгаас хамааралтай эдийн засаг өсөөд байгаа учраас энэ өсөлт өрх гэрийн хаалгаар орохгүй байгаа юм. Эдийн засаг бодит утгаараа өссөн цагт л өрх гэрийн хаалгаар орлого орно. Бид түүхий эдээ гаргаж зарахаас илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг болсон тэр цагт л эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орж бодит үр дүн харагдана.
Өнөөдөр Монгол Улс үйлдвэрлэлийн эдийн засагтай бус хэрэглээний эдийн засагтай болчихоод байна. Монгол Улсын экспорт бараа таваарын бус түүхий эдийн экспорт болсон байна. Өнгөрсөн онд түүхий эдийн экспорт 56,4 хувиар нэмэгдсэн байна. Эдийн засаг ийм сульдаатай байгаа учраас айл гэрийн хаалгаар орлого болж орохгүй байна.
Хоёрдугаарт, макро түвшинд гарсан эдийн засгийн бага ч болов өсөлтийг айл өрхийн хаалгаар орохоос нь өмнө төсөв рүү татчихаад байна. Монголын эдийн засгийг 100 литр сүүг байна гэж тооцвол 30 литр нь төсөвт татагдаад 70 литр нь айл өрхийн хаалгаар ордог байсан. Гэтэл сүүлийн 8 жилийн хугацаанд төсөв 6 дахин өсчихлөө. Нэг ёсондоо 100 литр сүүний 80 литр нь төсөвт төвлөрч 20 литр нь иргэдэд очдог болчихоод байна. Өөрөөр хэлбэл айл өрхийн хаалгаар ордог байсан эдийн засгийн өгөөж 70-аас 20 болоод буурчихсан. Тиймээс зөрүү 50 литрийг нь иргэд зээлж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Ийм учраас өнөөдөр иргэдийн нуруун дээр байгаа өрийн дарамт нэмэгдэж байна. Айл өрхийн орлого нэмэгдэхгүй байгаа бол тэнд эдийн засгийн өсөлт бий болоогүй л гэсэн үг.
-Монгол Улсын эдийн засаг эерэг үзүүлэлттэй байгаа учраас түүнийг айл өрхийн хаалгаар оруулахын тулд цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байгаа гэдгийг Засгийн газраас мэдэгдэж байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтийг өрх гэрийн хаалгаар оруулах үйл явц мөн үү?
-Биш л дээ. Эдийн засаг зоосон мөнгөтэй ижил. Нэг тал нь сүлд, ногоо тал нь тоотой байдаг. Эдийн засгийг зоосон мөнгө гэж үзвэл сүлдтэй хэсэг нь бараа таваар, тоотой хэсэг нь бэлэн мөнгө буюу бидний хэлдэгээр М2. Бараа таваарын хэмжээ, бэлэн мөнгөний хэмжээ тэнцүү байж инфляцигүй байна. Бараа таваарын хэмжээ нэмэгдсэн тохиолдолд бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэх ёстой. Ширээн дээр 10 ширхэг чихэр байвал нөгөө талд нь 100 төгрөг байх боломжтой. Нэг чихэр 10 төгрөгийн үнэтэй. Тэгвэл 10 ширхэг чихрийнхээ тоог 20 болгож байж бэлэн мөнгөний хэмжээгээ 200 болгох боломжтой. Энэ тохиолдолд цалин, тэтгэвэр нэмбэл жинхэнэ утгаараа бодит нэмэгдэл болно. Гэтэл өнөөдөр чихрийнхээ тоог нэмээгүй мөртлөө бэлэн мөнгөний хэмжээг нь 200 болгож нэмэгдүүлчихээд “цалин, тэтгэврийг чинь нэмлээ” гэж хэлээд байгаа нь боломж гэхээсээ илүү хорлол болоод байгаа хэрэг.
Нэг ёсондоо 10 төгрөгөөр авдаг байсан чихрийн үнийг 20 төгрөг болгож өсгөчихөөд эдийн засаг өслөө гэж ярьж болохгүй. Харин бараа таваарын хэмжээг нь нэмэгдүүлснээр 20 төгрөгөөрөө 2 чихэр авах боломж үүссэн тохиолдолд эдийн засгийн өсөлт иргэдийн бодит орлого болгох боломжтой болно.
-Төсөв тэлж байгаа учраас мөнгөний бодлого хатуу, зээлийн хүү өндөр байна. Мөнгөний бодлого хүү буурахгүй байх нь аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж байна?
-Бизнесийн эрх чөлөө, өмчийн эрх, хүний эрх ч өдрөөс өдөрт хумигдаж байна. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтийг шууд бууруулж байна. Тухайлбал, төр өөрийн өмчийн 400 компани байгуулаад хувийн хэвшилтэйгээ зэрэгцээд өрсөлдөөд байхаар хувийн хэвшил зах зээл дээр ялагч болох боломжгүй. Гэтэл төрийн өмчит 400 компаний хоёроос бусад нь алдагдалтай ажиллаж байна. Төрийн өмчийн компанийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газрын өр 16 их наядаар нэмэгдэж байна. Төрөөс явуулж байгаа бодлого, зүй тогтол буруу байгаа нь хувийн өмчийг боомилж, үнэгүйдүүлж, хувийн өмч рүү эрээ цээргүй халдаж байна. Нэг ёсондоо эдийн засгаа төр хавханд хийчихээд байна. Тийм учраас эдийн засгийг чөлөөлж, хавхнаас нь гаргах хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудыг хувьчилж, хувийн хэвшлийг чөлөөтэй өрсөлдөх боломжийг нээж өгөх ёстой.Үүний үр дүнд чөлөөт өрсөлдөөн бий болно. Бодлогын хүү өндөр байгаа нь бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Дэлхийн зах зээл дээр хадгаламжийн хамгийн өндөр хүү жилийн гурван хувь байна. Харин монголд 15-18 хувьтай байна. Дэлхийн зах зээл дээр зээлийн хүү хамгийн өндөр нь 9 хувь харин монголд 24 хувь байна.
Хадгаламжийн хүү дэлхийн зах зээлээс зургаа дахин өндөр байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа юм. Тиймээс хадгаламжийн хүүг буруулж байж зээлийн хүү буурна. Зээлийн хүү өндөр байгаа нь бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна. Бод доо, 100 төгрөгийн орлого олж байгаа хүнээс 30 төгрөг нь зээлийн хүүнд, 30 төгрөг нь нийгмийн даатгал, татварт явчихаж байна. Үлдсэн 40 төгрөгөөрөө яаж ажилчдаа цалинжуулж, урсгал зардал, хөрөнгийн зардлаа нөхөж,ашигтай ажиллах юм бэ.
Ийм л хавханд бизнес эрхлэгчид, ААН-үүдээ оруулчихаад байгаа учраас эдийн засаг өсөхгүй, урагшилахгүй байна.
-Та банкны салбарт ажиллаж байсан хүний хувьд гаднаас банк оруулж ирвэл зээлийн хүү буурах эсэх дээр ямар байр суурьтай байна?
– Энэ асуудал одоо яригдаж байгаа асуудал биш л дээ. Сүүлийн 20 гаруй жил яригдаж байна. Өнөөдрөө харах уу, маргаашаа харах уу гэдэг л асуудал байгаа юм. Өнөөдрөө харах юм бол гаднаас банк оруулж ирвэл зээлийн хүү буурна. Харин маргаашаа харах юм бол зээлийн хүү буурахаас илүү олон сөрөг үр дагавар авч ирнэ. Гадны банкнууд орж ирвэл эх үүсвэрийн зардал хямд учраас богино хугацаандаа зээлийн хүү буурах эерэг талтай ч монголын эдийн засаг хуваагдана. Нэг ёсондоо банкуудыг дагасан эдийн засагтай болно. Тиймээс гадны банк оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Түүний оронд дотоодод байгаа банкнуудаа тордох хэрэгтэй. Эх үүсвэрийн зардлуудыг нь бууруулж өгөх ёстой. Төр шийдвэр гаргаж өгч болдог. Төр эдийн засагт оролцохдоо үнийн дээд доод хязгаарыг тогтоож болдог. Энэ бол Английн эдийн засагч Адам Смитийн онол дээр ч байдаг зүйл. Тэгэхээр төр хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох замаар зээлийн хүүг бууруулах боломж бий. Дотоодод нөөц бололцоо бий. Гэтэл өнөөдөр зээлийн хүүг механикаар бууруулах гэж оролдоод байна. Тухайлбал, моргежийн зээлийг 6 болон 8 хувьд барих оролдлого хийж хүүгийн зөрүүг нь төрөөс төлж байна. Энэ нь чөдөр тушаатай адуу хол явдаггүйтэй адил мухардалд оруулж байна. Ийм механик аргаар бус эдийн засгийн аргаар таатай нөхцөл бүрдүүлвэл зээлийн хүү буурах боломж бий.
-Сонгууль болдогоороо болж, ямар нэгэн үр дүн гарах байх. Харин сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдлыг харвал ямар дүр зураг төсөөлж байна?
-Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, түүнээс хойш найман удаа УИХ-ын ээлжит сонгууль болсон. Найман удаагийн сонгууль бүрийн дараа төсөвт тодотгол оруулсан байдаг. Тиймээс 2024 оны сонгуулийн дараа ч мөн адил төсөвт тодотгол хийх байх. Учир нь сонгуульд зориулаад төсвийг үрэлгэн баталдаг. Иймээс сонгууль болж өнгөрсний дараа тэр алдаагаа засах гэж төсвийг тодотгодог. Төсөвт тодотгол хийнэ гэдэг бол эдийн засгийн тооцоолол буруу байсны илрэл, үр дүн. Эдийн засгийн тооцоолол буруу хийснээ хагас жилийн дараа засахад эдийн засагт эерэг нөлөө гарах уу. Мэдээж үгүй. Тэгэхээр энэ онд инфляци нэлээд өснө. Дөрөвдүгээр сарын 1 инээдмийн баяр гээд бид нэг нэгнээ хуурдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ нэмэгдэл “өнгөрсөн дөрвөн сарын 1” болох уу, бодитой нэмэгдэл байх уу гэдгийг харах л үлдлээ. Мөнгөний нийлүүлэлт зах зээл дээр нэмэгдэж, нөгөө талд нь бараа таваарын хэмжээ нэмэгдээгүй тохиолдолд инфляци өсөх нь эдийн засгийн хууль. Инфляци өснө гэдэг бол иргэдийн амьдрал доройтно, иргэдийн амьдрал доройтно гэдэг бол иргэдэд өрийн дарамт нэмэгдэнэ гэсэн үг.
Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хараад эдийн засгийн төлвийг уншиж байх ёстой. Ганцхан үзүүлэлт хэлэхэд энэ оны эцсээр чанаргүй зээлийн хэмжээ 8.6 хувьд хүрсэн байна. Энэ юу илэрхийлж байна гэхээр ард, иргэдийн амьдрал доройтож байгааг эдийн засгийн хэлээр илэрхийлж байгаа юм. Түүхэндээ ийм хэмжээнд хүрч байгаагүй.
Эдийн засгийн хэлийг орчуулж ойлгож байгаа нь хэд байна, ойлгохгүй байгаа нь хэд байгаа бол. Иргэдийн амьдрал доройтоод байгаа бол хэрхэн яаж сайжруулах бодлогыг макро эдийн засгийн түвшинд бодож байх ёстой болохоос биш сонгуульд яавал санал авах талаар боддог байж болохгүй. Тиймээс 2024 оны төсөв бол сонгуульд хэрхэн ялах талаар бодсон төсөв. Энэ төсөв нь эдийн засгаа нурааж, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Монголд өргүй аж ахуйн нэгж, иргэн байвал олоод ир гэвэл олдохгүй. Ердөө хоёр салбарт өрийн сүлжээ үүсээгүй байна. Нэг нь уул уурхайн салбар, нөгөө нь төсвөөс санхүүжиж төрийн тендер авч байгаа компаниудад өр үүсээгүй байна. Төр ердөө л иргэд ААН-үүдэд боломж л олгож байх ёстой. Ганцхан жишээ хэлэхэд, малчид махаа дурын лангуун дээр борлуулж болдог эрх чөлөөг нь олгочихвол 100 толгой мал борлуулаад олдог орлогоо 50 толгой малаас олох боломж байна. Нийслэлийнхэн ч хямд мах худалдан авах боломж бүрдэнэ. Энэ мэтчилэн Өөрсдөө сэтгээд, бүтээгээд, орлого олох боломжийг л олгох хэрэгтэй. Харамсалтай нь, Монголын төр боломж олгодог биш боломжийг нь хязгаарладаг төр болчихоод байна.