Төв аймгийн нутагт хууль бусаар өвлийн морин уралдаан зохион байгуулсан зөрчил хоёрдугаар сарын 18-нд гарчээ.
Энэ талаар Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-ын холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.
Тус газрын Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийн эрхийн хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Баярцогт “Уг уралдааныг Малчин телевиз “Хөх уяач” гэх нэвтрүүлгийнхээ хүрээнд зохион байгуулсан нь тогтоогдсон.
Төв аймгийн нутагт хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ГБХЗХГ, Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ажиллаж байна. Холбогдох хүмүүст арга хэмжээ авч, прокурорт зөрчлийн хэрэг нээхээр хүсэлтээ өгсөн.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.
Дээрх хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулбал Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог.
Одоогоор Төв аймгийн аль суманд морин уралдаан зохион байгуулсан нь тогтоогдоогүй байна. Үүнийг тогтоохоор тус аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, цагдаагийн газраас ажиллаж байна” гэлээ.
Үргэлжлүүлэн “Өвлийн морин уралдааныг хориглосон байхад хууль зөрчсөн гэсэн үг.
Энэ оны нэгдүгээр сарын 30-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Ажлын албанаас хурдан морины уралдаантай холбоотойгоор бүх аймгийн Засаг дарга нарт хориглосон чиглэл хүргүүлсэн байгаа.
Хэрэв хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ тооцож ажиллах чиглэлийг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн” хэмээн ярилаа.