АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдентай холбоо бүхий шүүх хурал мягмар гарагт /2024.06.11/ өндөрлөжээ.
Шүүх хурал Жо Байдены төрж өссөн Делавер мужийн Вилмингтон хотд болсон байна. Хурлын эцэст шүүгчдийн бүрэлдэхүүн Хантерийг хууль бусаар хар тамхи хэрэглэснээ худал хэлж, буу худалдаж авсан гурван зүйл хэргээр гэм буруутай гэж үзсэн юм.
54 настай Хантер шүүхийн шийдвэр гарсны дараа толгойгоо бага зэрэг дохиж, өөр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден болон Хантерын эхнэр Мелисса нар түүнийг шүүх танхимаас гарахад гар нь хөтөлсөн байжээ
Түүний өмгөөлөгч Аббе Лоуэлл мэдэгдэл гаргахдаа боломжит бүх хууль эрх зүйн арга хэмжээ авах болно гэжээ. Хантерийг Калифорни мужид болох өөр шүүх хурал хүлээж буй.
Мягмар гарагийн шүүх хурлын дараа АНУ-ын дүүргийн шүүгч Мэриэллен Норейка ялын тогтоолыг унших огноог зарлаагүй юм. Гэхдээ ялын тогтоолыг ихэвчлэн 120 хоногийн дотор гаргадаг.
Өөрөөр хэлбэл Хантер арван нэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ял сонсоно.
Эх сурвалж: Reuters