Холливүүдийн оддын нэг Камерон Диас саяхан “Lipstick on the Rim” подкаст ярилцлагад оролцохдоо хосуудад тус тусдаа өрөөнд унтдаг болохыг зөвлөжээ.
Good Charlotte рок хамтлагийн гишүүн Бэнжи Мэддентэй гэрлээд найман жил хамт амьдарч байгаа тэрбээр “Тусдаа унтлагын өрөөтэй байх нь хэвийн зүйл болох ёстой. Бид тус тусын байшинтай (шууд утгаараа). Манай дунд гэр бүлийн байшин бас бий. Бид тус тусын унтдаг. Бидэнд бас хоорондын харилцаагаа зохицуулах боломжтой нэмэлт унтлагын өрөө бий” гэж ярьсан байна.
Гэр бүлийн харилцаа нь тогтвортой, аз жаргалтай байгаагийн нэг нууц нь “тус тусын унтлагын өрөөтэй байх” гэдгийг Диас энэ үеэр тайлбарлажээ.
Ер нь сүүлийн үед Өрнөдийн орнуудад “sleep divorce” (унтлагын салалт) гэдэг ойлголт бий болж, олон олон хосууд ач холбогдлыг нь ойлгож эхэлсэн байна.
“Sharing the Covers: Every Couple’s Guide to Better Sleep” ном бичсэн нойр судлаач Вэнди Троксел бас ингэхийг зөвлөж байна.
Чанаргүй, тайван бус нойрсолт хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг.
Тухайлбал чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, цус харвалт, зөнөх зэрэг эрсдэлд дутуу, чанаргүй нойр нөлөөлдөг нь батлагдсан зүйл.
Тэгвэл хосууд нэг орон дээр унтах үед ийм эрсдэл улам нэмэгддэг байна. Шөнө дунд нэг нь хурхирах, ариун цэврийн өрөө рүү явах, биеийн халуунаараа төөнөх, хөл гараараа цохих, тийрэх, хөнжлийг булаах зэрэг үйлдлээр нөгөөгийнхөө нойрыг тасалдуулдаг.
Дутуу нойр тухайн хүний сэтгэл зүй, гоо сайханд нөлөөлөхөд цаашлаад хосын харилцаанд давхар сөргөөр нөлөөлөх боломжтой.
“Нойр дутуу байх нь хүний сэтгэл санааны байдал, бухимдлын түвшин, хүлцэл, өрөвдөх сэтгэл, дотны хүмүүстэйгээ харилцах харилцаанд нөлөөлдөг” гэж Троксел ярьж байна.
Тэрбээр цааш нь “Надаас үргэлж асуудаг зүйл: Тусдаа унтахад харилцаа муудах уу? Хариулт нь үгүй. Харин ч эсрэгээрээ олон давуу талтай” гэж тайлбарлажээ.
Трокселын удирдсан баг сайн унтаж амардаг хүмүүс “илүү сайн харилцагч, илүү аз жаргалтай, илүү хөгжилтэй, дур булаам болдог” нь хосын харилцааг улам сайжруулах үндэс болдгийг судалж тогтоосон гэнэ.
Гэхдээ “sleep divorce” нь шөнө бүр тусдаа унтах ёстой гэсэн ойлголт биш гэж Троксел хэлж байна.
Тухайлбал зөвхөн ажлын өдрүүдэд тусдаа унтаад амралтын өдрүүдэд хамт унтах боломжтой. “Нэг унтах стратеги хүн бүрд таарах албагүй. Хос бүр өөрт хамгийн тохирох стратегийг хайж олох хэрэгтэй” гэж Троксел зөвлөжээ.
Эх сурвалж: CNN