Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн. Тус шүүх хурал 2023.11.31-нд Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд болсон юм. Шүүхийн шийдвэрээр Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл Ж.Соронзон давж заалджээ.
Улмаар ажилдаа дахин томилогдох маргаанаа үргэлжлүүлэхээр болсон байна.
Эргэн санавал, түүнийг чөлөөлөх шийдвэр гарсны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Орос гуравтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос гурвын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган, жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна.
Монгол бол тусгаар улс. Аль ч улсын ЭСЯ, БШУС-ын тушаалыг цаг нь болоогүй гэж үзэн болчимгүй мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос гуравтай холбоотой асуудалд бид цэг тавьсан.
Орос гуравдугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд, Улаанбаатар хотод байдаг. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн зардлаас, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэг байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл гэдгийг сануулъя” хэмээж байсан юм.