Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааны хүрээнд “Допинг ба спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Шүгэл” ажиллагааны хүрээнд спортын авлига, допингийн асуудлыг яагаад чухалчилж үзэх талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хүнд суртлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Шүгэл” ажиллагааны хүрээнд хоёр агуулга бүхий мэдээлэл ирсэн.
Нэгдүгээрт, спортын шударга бус өрсөлдөөн буюу сэргээшний төрлийн хориотой эм бэлдмэлийн хэрэглээ, түүнийг хянан шийдвэрлэх процесс, шинжилгээ авах үйл ажиллагаа нь илт тод биш учраас тамирчид, иргэд хохирч байна гэх.
Хоёрдугаарт, тэмцээн наадамд даваа өгөх, авах байдлаар авлигын асуудал гардаг. Спортын авлига гэдэг зүйл ноцтой түвшинд очсон байна гэх. Эдгээр асуудал яагаад шүгэл ажиллагаанд хамаарах вэ гэвэл нэгдүгээрт, тамирчдын бие тамирын өрсөлдөөн гэдэг бол спортын асуудал.
Дараа нь, энэ процесст оролцож буй тамирчид төдийгүй хянан шийдвэрлэдэг төрийн эрх бүхий байгууллагууд бий. Шинжилгээ авахад татвар төлөгчдийн мөнгө гардаг, нийтийн албан тушаалтнууд оролцдог учраас дээрх асуудал нь “5Ш” ажиллагаанд хамаарна гэж үзсэн.
Харин спортын хэмжээний авлига гэх асуудал төрийн бодлогын хүрээнд ч яригддаг.
Олон улсын жишгээр энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үүнийг гэмт хэрэгт тооцох уу гэдгийг УИХ-д хуулиар баталж, шийдэх ёстой.
Авлигатай тэмцэх стратегийг АТГ-аас УИХ-д өргөн барьж буй. Тус бичиг баримтад спортын авлигыг цаашдаа гэмт хэрэгт тооцож байхаар хуульчлах санал гаргасан байна билээ. Энэ бол зөв зүйл.
Спортын наадамд өөрийгөө сорих энэ үйл явц нь үнэн зөв шударга байж ирээдүйд шударга нийгмийг төлөвшүүлэх, хүмүүжил олгоход нөлөөлнө.
Допинг тойрсон ирж буй мэдээллийн агуулгатай танилцахад шинжилгээ авах процесс ил тод бусаас үүдэлтэй хариунд итгэх итгэл буурсан байна. Хяналтын шинжилгээний хариу удаан гардаг гэх гомдол, санал ирдэг. Ил тод байгаагүйгээс үүдэлтэй таамгууд гарна. Таамгийг эцэслэж нэг мөр мэдээлэл өгөх шаардлагатай. Допингийн асуудал зөвхөн үндэсний бөхтэй холбоотой биш.
Бид олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдаа хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл допингийн хяналтад итгэл хүлээхүйц, ил тод, баталгаатай систем тогтоохгүй бол тамирчид маань олон улсын тэмцээнд орж чадахгүй болно. Олимпоос хасагдах, цагаан туг дор оролцох зэрэг эрсдэл үүснэ” гэлээ.