УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт улсын төсвөөс 281 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан авсан байж болзошгүй хэргийн талаар сэтгүүлч Х.Ган-Ялалт мэдээлээд буй.
Энэ мэдээллийг эрхэм сайд “Зохион байгуулалттай гүтгэлэг” хэмээн мэдээллээд байгаа ч холбогдох баримтыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-т хүлээлгэн өгсөн учраас бодит үнэнийг хуулийн байгууллага хянаж шалгаад тогтоох биз.
Ямартай ч Засгийн газраас авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, төрийн хүнд суртлыг халахад авлигын хэргийн тухай мэдээллийг бичгээр болон цахимаар гаргасан хүнийг шүгэл үлээгч гэнэ хэмээн тодорхойлоод удаж буй.
Дээрээс нь “Шүгэл үлээгч” нь нийтийн эрх ашгийн төлөө нийгмийн алдаа дутагдлыг мэдээлэгч, нууц далд материалуудыг ил гаргагч учраас харин ч хамгаалах, урамшуулах ажлуудыг хийх ёстой хэмээж буй. Тэр утгаараа сэтгүүлч Х.Ган-Ялалтын олон нийтэд дэлгэж буй энэ мэдээлэл нь улстөржсөн гэхээс илүү шүгэл үлээж буй хэрэг гэж хэлж болно. Тиймээс дараах мэдээлэлд анхаарал хандуулъя.
Х.Ган-Ялалт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төсөл, тендрээр дамжуулан
₮281 тэрбумыг авсан байж болзошгүй
Сэтгүүлч Х.Ган-Ялалт хэлэхдээ “Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын төсвөөс өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий материалыг бүрдүүлж, гүйцэтгэлийг нь шаардаж байна.
Мөн албан тушаал, эрх мэдлээ ашигласан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой” гэдгийг тодотгоод дараах мэдээллийг хийсэн юм.
Тэрээр ” УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 34 хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалган тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэтэл С.Бямбацогт болон Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга н.Батзаяа, БНХАУ-ын нэр бүхий иргэнд хамаарах хэргийг тусгаарлаж, одоо хүртэл шийдвэрлэхгүй байгаа. Энэ хэргийг мартуулан замхруулах гэж байна уу гэх хардлага бий. Иймд түүнтэй хамааралтай энэ хэргийг заавал шалгах ёстой.
Мөн дээр дурдсанчлан өөрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаад улсын төсвөөс 281 тэрбум төгрөгийг хэн нэгэн сайд хүн хамаарал бүхий компаниудаараа авсан байж болзошгүй баримт бий. Бид түүний хамаарал бүхий төрийн бус байгууллагуудын жагсаалтыг гаргасан.
Тухайлбал, “Нээлттэй мэдлэг-Боловсролын сан”, “Залуусын түүчээ”, “Бид нэг Монгол”, “Хүнлэг Монгол”, “Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” болон Ховд аймгийн нутгийн зөвлөл, Хөрөнгө оруулалтыг дэмжих сан гэх мэтчилэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өөрийгөө “Нью прогресс групп” ХХК-тай хамааралгүй гэж хэлдэг. Гэтэл тухайн групптэй хамааралтай гэдгийг “Алтайн зам” ХК тэргүүтэй таван охин компани, мөн хувьцаа эзэмшдэг “Зоос гоёл”, “Тавантолгой”, “Говь”, “Апу” зэрэг компанийн авсан зээлээс нь харж болно.
Ингэснээр өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нь улсын төсвөөс хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг завшсан авсан байж болзошгүй гэдгийг тодотгоод, баримт мэдээллээ дэлгэлээ. С.Бямбацогт нь,
- “Чингис бонд”-оос 25.4 тэрбум
- Хөгжлийн Банкны зээлээс 80.1 тэрбум
- ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс дөрвөн тэрбум
- Тендерээр 63.9 тэрбум буюу нийт 173 тэрбум, 37 сая, 700 төгрөгийг улсын төсвөөс авсан байна.
Үүнээс “Алтай трейд” ХХК-аар авсан концессын гэрээний өртөг нь 107.8 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, 281 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хамаарал бүхий компаниуддаа авсан байна” хэмээн мэдээлэв.
Мөн “Түүний ах дүүсийн сүлжээг гаргасан. “Нью прогресс групп” компанийн хувьцаа эзэмшигч нь төрсөн ах Сандагийн Балжинням гэдэг хүн. Тэрээр “Алтайн зам”, “Нар хур” “Зэс эрдэнийн хувь” зэрэг маш олон компани түүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Мөн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь С.Баянчулуун ажилладаг. Тэд ах дүүсийн хамааралтай. Мөн түүний төрсөн хүү нь “Нью прогресс групп” компанийн хувьцаа эзэмшигч, эдгээр компани нь грүпп, хувьцаа эзэмшигч гэх мэтээр салбарлаад явдаг. С.Бямбацогтийн төрсөн дүү С.Тунгалагтамир гэх мэт олон хүн энэ хэрэгт хамааралтай байгаа юм. Эдгээр компанийн Регистрийн дугаар, эзэмшлээр нь хайгаад олж болно.
“С.Бямбацогт нь 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг хувийн бизнестээ шингээж авсан байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэвэл, хүмүүс яагаад УИХ-ын гишүүн, сайд болох гээд улайран зүтгээд байдгийн учир нь өнөөдөр ах дүү, найз нөхдийн сүлжээ, хамаатан саднаараа үүсгэсэн компаниудаараа төрийн мөнгийг төсөв, тендер, концесс, ЖДҮ гэх мэт янз бүрийн байдлаар, авч болох бүх аргаар авдаг юм байна” гэдгийг эдгээр сүлжээнээс харж болно.
Тухайлбал,
- “Говь” компаниар 15 тэрбумыг хоёр удаа
- “Гоёо” компаниар 20.3 тэрбум
- “Алтайн зам” компаниар 21.5 тэрбум
- “Алтайн трест” компаниар 8.3 тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авчээ.
Энэ бүх материалыг хуулийн байгууллагууд шалгах ёстой гэлээ.
Мэдээллийнхөө төгсгөлд “Үнэхээр шүгэл үлээж, шүүрдэх ажиллагаа явуулж байгаа бол энэ хэргийн материалыг шалгах шаардлагыг тавьж байна” гэсэн юм.
Ene olon hulgai hiisen darga nar bugd gemgui ym bishuu