Иргэд шатахуун түгээх станцуудад АИ-92 бензинийг дахин хязгаарлалттай олгож байгаа талаар мэдээлж байна. Тэгвэл аль, аль клонкуудад нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
Шатахуун түгээгчдийн хэлж байгаагаар тасалдал үүсч, хязгаарлалт, лимит тогтоосон зүйл байхгүй. Зарим өдөр орлогоос хамаарч эрт дуусч байгаа л асуудал байна гэсэн юм. Харин Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад, бензиний нөөц тасалдаагүй. Аж ахуй нэгжүүдээс орлого, зарлагатай холбоотой тасалдал үүссэн мэдээлэл манай дээр ирээгүй. Нөөц болон импорт хэвийн байна гэв.
Бид МТ, Сод Монгол, Петровис, Шунхлай, Нэс Ойл зэрэг шатахуун түгээх станцуудын төв болон нарантуул, офицер дахь салбаруудаас очиж тодруулахад өнөөдрийн тухайд АИ-92 хэвийн олгож байна.
Харин орой болон зарим өдөр захын байршлуудад АИ92 бензин эрт дуусч байна гэх хариулт өглөө.
АМГТГ-аас өнгөрсөн сарын импортыг асуухад, 2024 оны нэгдүгээр сарын 1-29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71 мянга 580 тонн АИ-92 автобензин импортолсон. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан гэлээ.