Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2024.02.04/ ярилцлага өгөхдөө хэд хэдэн ахлах албан тушаалтнаа солих талаар бодож байгаа хэмээжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт “Зеленский зэвсэгт хүчнийхээ командлагч Валерий Залужныйг ажлаас нь чөлөөлнө” гэх цуурхал яригдах болсон.
Зеленский Италийн “RAI” телевизэд өгсөн ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс Залужныйн тухай асуусан байна.
Үүнд Зеленский “Би ямар нэгэн албан тушаалд өөр хүн томилох шийдвэр гаргахдаа зөвхөн нэг хүнд бус улс орны ирээдүйн чиг хандлагад хамаатай чухал зүйл гэж боддог” хэмээжээ.
Тэрбээр нэмж “Украиныг удирдах хүмүүсийн асуудал. Өөрчлөлт хэрэгтэй. Зөвхөн зэвсэгт хүчний бус хэд хэдэн төрийн удирдагчдыг солих тухай ярьж байна. Дайнд ялахын тулд бүгд нэг зүг рүү тэмүүлэх хэрэгтэй. Зөв эерэг энергитэй байж сөрөг талыг гэртээ үлдээх хэрэгтэй. Бууж өгч байгаа юм шиг хандлага байх ёсгүй” хэмээсэн юм.
Зеленскийн “сөрөг хандлагыг гэртээ үлдээх хэрэгтэй” гэсэн нь Залужный өнгөрсөн арван нэгдүгээр сард “The Economist” агентлагт өгсөн ярилцлагатай холбоотой байж магадгүй.
Тус ярилцлагад Залужный “Байлдаан урт хугацааны үе рүү шилжсэн, дайн удаан үргэлжлэх нь ОХУ-ын талд давуу талтай” хэмээсэн юм. Үүний дараа Зеленский дайны фронт царцсан байдалд орсныг үгүйсгэсэн билээ.
Энэ явдлын дараа Залужный Зеленский хоёрын хооронд хагарал үүссэн гэж шинжээчид үзэж буй.
Эх сурвалж: Reuters