ШУТИС: ЧӨЛӨӨ АВСАН ОЮУТНУУД ЦАХИМААР ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ, ЯВЦЫН ШАЛГАЛТАА ӨГНӨ
Орон нутгийн оюутнуудад чөлөө олгох шийдвэрийг анхлан гаргасан Шинжлэх ухаан технологийн их сургуульд орон нутгийн 1700 гаруй оюутан суралцдаг бөгөөд үүнээс 850 орчим оюутанд нэг сар хүртэлх хугацаатай чөлөө олгоод байгаа юм.
ШУТИС оюутнуудаас санал асуулга авахад гуравдугаар сарын 22 хүртэлх хугацааны нийт нэг сарын хичээлд зохицуулалт хийхийг дэмжсэн байна.
Зайлшгүй шалтгаанаар чөлөө авсан оюутнууд дөрвөн долоо хоногийн хичээлээ нөхөж үзэх, шалгалтаа дахин өгөх, цахимаар хичээлдээ суух боломжтой гэв. Гэхдээ энэ шийдвэр нь чөлөө авсан зөвхөн орон нутгийн оюутнуудад хамааралтай.
МУИС: ШИЙДВЭР АЛБАЖИЖ ГАРСАН, ХӨТӨЛБӨРИЙН АЛБАНД ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ
Монгол Улсын Их сургууль зудтай аймгийн оюутнуудад чөлөө олгох шийдвэр гарсан. Харьяа сургуулийн хөтөлбөрийн албанд оюутан орон нутаг руугаа явах зайлшгүй шаардлагатай болсон талаар хүсэлтээ бичгээр өгнө.
Үүний дараагаар чөлөөг баталгаажуулж, оюутан хичээлээс албан ёсоор чөлөөлөгдөнө.
Хүсэлтийг зайлшгүй тохиолдолд оюутан цахимаар гаргах боломжтой. Одоогоор хэчнээн оюутан хүсэлт гаргасан тоог нэгтгээгүй байна гэх хариултыг өглөө.
МУБИС: ЧӨЛӨӨ АВАХ БОЛ ХАРЬЯА СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБАНД ХАНДАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсын Боловсролын их сургууль мөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар явах болсон оюутнуудад чөлөө олгож байгаа гэлээ. Ингэхдээ оюутан өөрийн хүсэлтээ цаасан дээр бичиж, харьяа сургуулийн сургалтын албарын мэргэжилтэнд өгч, чөлөөний хуудас авах боломжтой байна.
Кредит цагийн тухайд дараагийн улирал нөхөж судлах боломжтой бөгөөд цөөн цагийн хичээлийг нөхөж үзэж, үнэлгээг энэ улиралдаа мөн тооцуулах боломжтой аж.
Оюутнууд чөлөө авах хүсэлт өгч байгаа ч тийм их биш байгааг хөтөлбөрийн албанаас мэдээллээ. МУИС-ийн хувьд нийт суралцагч оюутны 80 гаруй хувь нь орон нутгийнх.
АШУИС: ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ, ХИЧЭЭЛДЭЭ ЗАЙНААС ХАМРАГДАЖ БОЛНО
Анагаахын шинжлэх ухааны их сургууль бусад сургуулиудтай мөн адил боломж олгож байгаа гэв. Оюутнуудын хичээлийн зохицуулалтыг аль болох боломжит уян хатан байдлаар хийж байгаа.
Одоогоор хэчнээн оюутан хүсэлт гаргасан тоог нэгтгээгүй.
Орон нутгийн оюутан өргөдөл бичиж, хүсэлт гаргасан тохиолдолд хичээлдээ цахимаар хамрагдаж, нөхөж үзэж болно.