Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангаж байдаг “Хүчит шонхор” худалдааны төвд өглөө бүр орон нутгаас ирсэн шинэ мах бөөнөөр нийлүүлэгдэх болжээ.
Үхрийн махны хувьд малчдаас худалдаачдад өгч байгаа үнэ нь 1 кг тутам нь 8000-11000 төгрөг. Харин хонь, ямааны мах 1 кг тутам нь 6000-8500 төгрөг байна.
Нийлүүлэлтийн хувьд цагаан сараас хойш нэмэгдсэн болохыг худалдаачид хэллээ.
ЧЕНЖҮҮД МАХЫГ ГУЛУУЗААР АВАХ ТОХИОЛДОЛД ХҮРГЭЛТЭЭР БӨӨНДӨЖ ЭХЭЛЖЭЭ
Зах, худалдааны төвүүдээс гадна гулууз махыг ченжүүд гараас гарт хүргэх үйлчилгээг цагаан сарын дараа ихээр гаргасан байна. Хүргэлтээр гаргаж байгаа махны үнийн хувьд:
- Үхрийн ястай мах гулууз нь /15-25 кг/1 кг нь 14 мянган төгрөг,
- Үхрийн цул мах 1 кг нь 12 мянган төгрөг,
- Хонины гулууз мах /18-25 кг/ 1 кг нь 8000-8500 төгрөг,
- Ямааны гулууз мах /15-20 кг/ 1 кг нь 5800-6000 төгрөг,
Мөн хоёроос дээш гулууз авах тохиолдолд энэ үнээс хямдрах аж.
Цахимаар худалдаа хийж байгаа наймаачдын хувьд Сүхбаатарын Дарьганга, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Увс, Хэнтий, Дорнод аймгийн малчдаас махыг бөөндөж авч байна.
Зарим аймагт өвс, тэжээл байхгүйгээс малчид малаа маш хямд зарж байгаа тохиолдол ч гарч байгаа аж. Тухайлбал, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн зарим сумдад ямааг 40-60 мянган төгрөг, хонь 70-100 мянган төгрөгийн хооронд байна. Тиймээс цас ихтэй тус сумууд руу ченжүүд худалдан авалт хийхээр олноороо зорьж эхэлжээ.
Малчид мөсөн зуданд хэдэн малаа осгож үхүүлснээс боомжийн үнэ хүргэн зарж, түүгээрээ өвс, тэжээл базаах эрмэлзэлтэй байна.
Гэвч өвөл, зунгүй хариулж өсгөсөн малынхаа үр шимийг хүртэж чадалгүй нэг боодол өвсийг нэг борлон ямаагаар солих тохиолдол ч гарч буй аж.
ИРЭХ САРД ХУДАЛДААНД ГАРАХ НӨӨЦИЙН МАХЫГ ЭНЭ ЖИЛ НИЙСЛЭЛ ХАРИУЦНА
Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 40 орчим байршилд өргөтгөсөн худалдаагаар зарахаар төлөвлөж буй аж. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тодруулахад, нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ. Гэхдээ худалдаалах цэг, байршил, үнийг нийслэлээс тогтооно гэв. Нийслэлээс асуухад, ирэх сард нөөцийн махыг зарж эхэлнэ. Одоогоор тов гараагүй байна гэх хариултыг өглөө. Өнгөрсөн жил нөөцийн хонины гулууз махыг 1 кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулж байсан.
Харин энэ жил нөөцийн махыг хэдэн төгрөгөөр худалдаанд гаргах талаар одоогоор үнэ ханш тогтоогүй байна.
БӨӨНИЙ ЗАХААС БҮТЭН МАХ БИШ ӨРӨӨЛ АВАХ НЬ ИХ
“Хүчит шонхор” зах дээр өглөө эртлэн очиж хувь унаанаасаа мах зарах худалдаачдын ихэнх нь ченж бөгөөд цөөн хүн нь аймгаасаа зорьж ирсэн малчид байна. Малчид голдуу Хэнтий, Сүхбаатар, Төв, Дундговь, Дорноговиос зорьж иржээ. Тэд хот айлуудаараа нэгдэж малаа гаргаж, зудын эрсдэл өндөр аймаг сумдаас малаа худалдахаар ирсэн байна. Гэхдээ өвс, тэжээл, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир хэдэн малаа зарсан ч ашиг тааруухан байна гэсэн юм.
Мөн цагаан сараар ч ашиг орлого бага, хүмүүс махыг бүтнээр биш өрөөлдөж авч байсныг хэлэв.
Дэнжийн 1000-ын зах дээр зогсоход өмнө нь өглөө 5-9 цагийн хооронд мах нь шуураад дуусдаг байсан бол одоо бонгоны тэвш мах нь бүтэн өдрийн дотор талдаа орж байгаа аж. Тиймээс орон нутаг, хотод ялгаагүй эдийн засаг, иргэдийн худалдан авах эрэлт хэрэгцээ муу байна.
Оны өмнө бид зах болон цахим хуудас дээрх махны хүргэлттэй худалдааг сурвалжилж байв. Одоо энэ үйлчилгээ эрэлттэй хэвээр байна. Иргэдийн хувьд энэ өвөл 1-1,5 сая төгрөгт багтааж идшээ цувуулж бэлтгэж байгааг хэлж байв. Тэд шинэ өөх, мах нь таарсан махыг бөөнд нь биш сар сардаа авч байгаа бөгөөд үхрийн гуя, хаа, хонины дундаж гулууз, адууны нэг гуя гэхчлэн холимог хэлбэрээр авна. Ингээд 1,5 сая төгрөгт багтаавал өвлийн идэш. Иргэд мах хямд байгаа аймгууд руу очиж худалдан авалт хийлээ гэхэд бензин шатахуун, амьд хонь, үхэр авна гэхээр нядлах, махаа эвдэхээс эхлээд хүн бүл цөөтэй айлд хүндрэлтэй. Нэмээд шатахуунаас гадна цаг хугацаа зэргийг тооцвол хотоосоо авсан нь дээр гэдгийг онцолсон. Тиймээс малчид ч үүнийг анзаарч, амьд мал зарахаас илүүтэй, ажиллаад жижиглэж зарж байна.
Худалдаачдын хэлж байгаагаар дундын үхэр 120-140 кг болж байгаа бөгөөд дунджаар 1,1-1,3 сая төгрөг болж байгаа. Бүтнээр нь авах хүн байхгүй учир хаа, гуяар нь өрөөлдөхөөс өөр аргагүй. Нэг гуя тавихад 35-40 кг буюу 350 мянган төгрөг орчим болж байна гэлээ.
Хүмүүст ч өөрсдөө махаа сонгоод хаа, гуя, хонины гулуузтай хослуулж авах сонирхол их байгаа учир худалдаачин бүр зарж байгаа махаа өрөөлөөр өгч байна. Гэхдээ худалдан авалт хийж буй хүн бүр энэ жил мал туранхай байгааг хэлж байлаа. Ямартай зуд тохиогоод буй аймгийн малчид зах болон ченжүүдээр дамжуулж махаа гулуузаар хүргэлттэй зарах нь ихэсчээ.